ХЭҮК-оос “ОюуТолгой” ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв
2023.10.30

ХЭҮК-оос “ОюуТолгой” ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “ОюуТолгой” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа, уурхайд ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдалтай танилцаж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн чиглэлээр ажилтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулах, санал асуулга авах зэрэг ажлыг 2023 оны 06 дугаар сард зохион байгуулсан.

Санал асуулга, ярилцлагын хүрээнд хөндөгдсөн, анхаарал татсан зарим асуудлаар нэмэлт тодруулга авах, баримт бичигтэй танилцах зорилгоор Комиссын ажлын хэсэг Улаанбаатар хот дахь төв оффист 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд ажиллав.

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн жилүүдэд "ОюуТолгой" ХХК-д хүргүүлсэн Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлсэн байдал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөртэй танилцлаа.

Мөн ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалттай холбоотой ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буй байдлыг шалгаж, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүнд, хортой нөхцөлд болон гүний уурхайд ажиллаж байгаа ажилтнуудын ажлын цаг, амралтын хугацаа, цалин хөлс, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг зохицуулж буй дүрэм, журамд дүн шинжилгээ хийж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Комиссын дарга Ж.Хунан “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйдрэ Лингенфэлдер, Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Мелисса Шаненганге, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал хариуцсан ерөнхий менежер Филип Абрахам, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан, Хөдөлмөрийн харилцаа хариуцсан менежер Ж.Эрдэнэбилэг, хуульч Б.Энхмаатай уулзаж, хяналт шалгалтын зорилго, ач холбогдлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд тус компанийн ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл Комисст цөөнгүй ирж байгааг дурдаж, дээрх хяналт шалгалт нь “ОюуТолгой” ХХК төдийгүй ашигт малтмалын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр цаашлаад уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх сайн туршлага болно гэдэгт найдаж байгаагаа Комиссын дарга Ж.Хунан онцлов.

Мөн ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд, ААН заавал биелүүлэх хуулийн зохицуулалттай болсныг дурдсан юм.

Түүнчлэн Өмнөговь аймаг дахь уурхайн ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлтээр анхаарах шаардлагатай зүйл цөөнгүй байгааг тодотгож, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг чанд мөрдөж ажилласнаар хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх хүчин зүйлийг бууруулах боломжтойг анхааруулж, адил хөдөлмөрт ижил цалин хөлс олгох, ээлжээр ажиллах цагийн хуваарь болон далд уурхайд ажиллах ажлын цагийг богиносгох саналтай байгаагаа илэрхийлж, уг саналаа хяналт шалгалтын дүгнэлтэд тусгана гэлээ.

“ОюуТолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйдрэ Лингенфэлдерийн зүгээс хяналт шалгалтад нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлж, тус компанийн нийт ажилтны 23 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Тиймээс ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх сургалт тогтмол зохион байгуулж, аливаа ёс зүйгүй үйлдэл, зан үйлтэй холбоотой мэдээлэл хүлээн авах “My Voice” суваг ажиллуулж байгааг, мөн Өмнөговь аймаг дахь уурхайн хувьд 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай учир уурхайн ажилчдыг байршуулах шинэ суурьшлын бүсийг Ханбогд суманд байгуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх алсын төлөвлөгөөтэй байна гэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан