АНДЧ-ын ээлжит 28 дугаар хурал БНЭУ-ын Шинэ Дели хотод болж байна
2023.09.22

АНДЧ-ын ээлжит 28 дугаар хурал БНЭУ-ын Шинэ Дели хотод болж байна

Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулган (АНДЧ)-ны ээлжит 28 дугаар хурал 2023 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-ний өдрүүдэд БНЭУ-ын Шинэ Дели хотод зохион байгуулагдаж байна.

АНДЧ нь бүс нутагтаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг, гишүүн байгууллагуудаараа дамжуулан өөрийн бүс нутагт хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилготой байгууллага бөгөөд анх 1996 онд Австралийн Дарвин хотноо Австрали, Энэтхэг, Индонез, Шинэ Зеланд улсын Хүний эрхийн Үндэсний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамт чуулснаар байгуулагдсан түүхтэй.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 онд АНДЧ-ны бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд Комиссын дарга Ж.Хунан нь АНДЧ-ын орлогч даргаар 2022 онд сонгогдон ажиллаж байна.

Тэрбээр Чуулганы эхний өдөр “Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулган ба Иргэний нийгмийн байгууллага” хэлэлцүүлгийг удирдан явуулж, хүний эрхийн үндэсний байгууллагууд иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, сайн туршлага, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар ярилцаж санал солилцлоо.

Түүнчлэн Чуулганы хоёр дахь өдөр зохион байгуулагдсан хуралдаанд “Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийг дэмжиж, хамгаалсан 30 жил” сэдвийн хүрээнд Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллагын түүхэн замнал, ололт амжилтын талаар мэдээлэл өглөө.

Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулга уулзалтад нийт 25 улсын хүний эрхийн үндэсний байгууллага, Дэлхийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын холбоо, Хүний эрхийн Дээд Комиссарын алба оролцож байгаа бөгөөд бүс нутагт хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах санал, санаачилгыг дэмжин эрчимжүүлэх Шинэ Дели тунхаглал гаргах юм.

Тус чуулганд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний байгууллагыг төлөөлж Комиссын дарга Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, ХЭССХ-ийн дарга Х.Цэцгээ нар оролцож байна.