ХЭҮК-оос хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар үндэсний хэмжээнд хяналт, шалгалт хийнэ
2023.09.18

ХЭҮК-оос хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар үндэсний хэмжээнд хяналт, шалгалт хийнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар ирэх 2024 онд үндэсний хэмжээнд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна.

Уг хяналт шалгалтад хамтран ажиллах талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хувийн нууцын асуудал хариуцсан Тусгай илтгэгч Ана Брайан Нугререстэй ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр цахимаар уулзалт хийлээ.

Цахим уулзалтаар Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийг чадавхжуулах, хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар хийх хяналт шалгалтын төлөвлөгөө, бэлтгэл ажлыг хангах талаар тохиролцлоо.

Тус уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газрын Хүний эрх хариуцсан мэргэжилтэн Соня Кронин, Комиссын Гадаад хамтын ажиллагааны тасгийн Олон улсын механизм хариуцсан референт Г.Ганбат, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Б.Болор нар оролцов.

Дашрамд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хатагтай Ана Брайан Нугрересыг Хувийн нууцын асуудал хариуцсан Тусгай илтгэгчээр 2021 оны 07 дугаар сард томилсон юм.