2023.10.16

Франц улс дахь анхны төрийн дээд хэмжээний айлчлал амжилттай болж өндөрлөв

Монгол-Франц хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэй. 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орон бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа тэлсээр байгаа юм. 

2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд хийсэн төрийн дээд айлчлал нь цаашдаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжүүлэн бататгахад онцгой ач холбогдол өгч байна.

АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР :

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай үндэсний түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, техник технологийн ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх зэрэг үйлсэд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн гэрчилгээг гардуулав. 

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийв.

Хоёр орны хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой Монгол-Францын бизнес форумд оролцов.

Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд Монголын түүх, соёлын сор болсон үзмэрийг олон түмний хүртээл болгож, монголчуудын нүүдэл, соёл иргэншлийн өв соёлыг олон улсад таниулах зорилгоор “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Тус үзэсгэлэн нь 555 үзмэрээс бүрдсэн бөгөөд үзмэрүүдийг “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей, Хархорум музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, хувь цуглуулагчаас, мөн Францын Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли (Quai Branly) музей болон Европын Берлин, Цюрих, Брюселийн музей зэрэг дэлхийн алдартай 20 гаруй музейгээс татан дэлгэн үзүүлсэн байна.