Ж.Ганбаатар: Хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бодлого баримтална
2023.10.10

Ж.Ганбаатар: Хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бодлого баримтална

Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо орчин үеийн шаардлагад нийцүүлэн, ил тод болгохын тулд өргөдөл авсны үндсэн дээр дуудлага худалдаагаар олгох бодлого баримтална.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Mining Mongolia 2023” чуулганы үеэр Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлогын талаар илтгэл тавих үеэрээ энэ талаар дурдсан юм. Тэрбээр, “Өнгөрсөн оны уул уурхайн долоо хоногийн үеэр хайгуулын тусгай зөвшөөрөл олголт 2010 оноос тогтворгүй байгааг ярьж байсан бол 2022 оны 11 дүгээр сараас тогтмолжуулж, 171 тусгай зөвшөөрөл олгоод байна. Цаашид 2.17 га талбайн зөвшөөрлийг хуулийн дагуу шалгаруулж, цахимаар олгоно.

Ирэх оны уул уурхай 7 хоног хүртэл хайгуулын салбарт Монголын газар нутгийн 25 хувийг хамарсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, шаардлага хангасан дата мэдээлэлтэй болно. “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Р.Фрийдланд “Монголын нийт баялгийн нэгхэн хувийг илрүүлсэн, судлагдаагүй маш их баялаг бий. “Оюутолгой” шиг орд ганцаар оршдоггүй, ойр хавьд, сав газарт нь орд заавал байх ёстой. Монголд боломж бий” гэж ярьсан. Газрынтосны ашигтай нөөц 33.4 сая тонн байгаа. Иймд геологи хайгуул, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах үүд хаалга нээлттэй байна. Зарим улстай хамтран газрын ховор элементийн судалгааг эхлүүлсэн, 11 дүгээр сард судалгааны төвөө нээнэ” хэмээлээ.

Дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт 2035 оноос багасаж, эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа. Манай улс 61.4 сая тонн зэсийн нөөцтэй гэдэг бөгөөд зэсээ 2024 оны нэгдүгээр сараас уул уурхайн биржээр арилжиж эхэлнэ. Ингэснээр Лондонгийн биржээс үнэтэй зарах, БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд манай баяжмалыг худалдаж авах боломж бүрдэх юм.

Манай улс нүүрс, төмөр, жоншоо 2023 оны нэгдүгээр сараас биржээр борлуулж эхэлснээр экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ, валютын орлого нэмэгдэж байна. Биржээр 7.5 сая тонн нүүрс зарж, нийт экспорт 48 сая гаруй тоннд хүрчээ. Он дуустал 60 сая тонн нүүрс экспортлох боломж байгаа аж. Бирж байгуулахаас өмнө нийт экспортолсон нүүрсний 2 хувийг эрчим хүчний, 98 хувийг коксжсон нүүрс эзэлж байсан бол биржийн арилжааг эхлүүлснээр эрчим хүчний нүүрсний хэмжээ 11 хувьд хүрчээ. Монгол Улс одоогоор 10 боомтоор бүтээгдэхүүнээ тогтмол экспортолж байна. Цаашид боомтын тоог нэмэх, улирлын чанартай ажиллаж буй зарим боомтоо байнгын болгох, ажиллах цагийг уртасгах зэрэгт анхаарч байгаа.

“Mining Mongolia 2023” чуулганы үеэр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулгыг оролцогчдод хүргэж байв. Тус хуулийг 1994 онд батлан, 1997 онд шинэчлэн найруулж, 2006 оноос хойш 153 удаа өөрчлөлт оруулжээ. Улмаар 267 зүйл заалт давхардаж, хууль хооронд 156 зүйл заалт зөрчилдсөн тул шинэчлэн найруулахаар 2020 онд ажлын хэсэг байгуулсан юм. Хуулийн төслийн эхний хувилбарыг энэ оны гаравдугаар сард бэлтгэн, үзэл баримтлалыг нь 5 дугаар сард батлуулж, 3 сарын турш дахин санал авчээ. Ирүүлсэн 1315 саналаас төслийн хоёр дахь хувилбарт 35-ыг нь шигтгэсэн бөгөөд Засгийн газарт одоогоор хэлэлцүүлээгүй байгаа тул чуулганд оролцогчид санал бодлоо илэрхийлэх боломжтой аж.