Х.Нямбаатар: БНХАУ руу оргон зугтсан иргэнийг Замын-Үүд-Эрээний боомтоор өнөөдөр хүлээж авна
2023.09.27

Х.Нямбаатар: БНХАУ руу оргон зугтсан иргэнийг Замын-Үүд-Эрээний боомтоор өнөөдөр хүлээж авна

БНХАУ-д ял эдэлж буй монгол иргэдийг шилжүүлэн авчрахаар болсон тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлж байв. Тус улс руу оргон зайлсан гэх иргэн Д.Наранхүүг өнөөдөр, ял эдэлж буй зургаан иргэнээ энэ долоо хоногт шилжүүлж авах юм байна. 

Энэ талаар "Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа БНХАУ руу оргон зугтсан иргэнийг Замын-Үүд-Эрээний боомтоор 16:00 цагийн үед хүлээж авахаар хоёр талаасаа тохирсон. Тухайн хүн оргон зайлах үедээ зүс царайгаа өөрчилсөн гэх цаанаас ирсэн мэдээллүүд бий.

Харин БНХАУ-д ял эдэлж байгаа зургаан иргэнээ шилжүүлж авч байгаа. Энэ долоо хоногт Хөх хотоос онгоцоор авч ирэхээр төлөвлөсөн" хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар NTV-гээр мэдээлэв.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яам хоорондын 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалт энэ сарын 18-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо зохион байгуулагджээ.

Энэ үеэр эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай, ялтан шилжүүлэх тухай гэрээний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, түүнчлэн талуудын эрх бүхий байгууллагаас харилцан хүргүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг гүйцэтгэх явцад үүсэж буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон байна.

Тус улсад хорих ял эдэлж буй Монгол Улсын иргэд болоод эдгээр иргэний ар гэрийн зүгээс тус яаманд ирүүлсэн хүсэлтийг уламжилж, хорих ял эдэлж буй иргэдэд холбогдох яаралтай асуудлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь манай улсын дипломат төлөөлөгчийн газарт хандаж байхыг хүсжээ.