Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ
2023.09.27

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр үргэлжилж, Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэв. Төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага нэгжээс 6,7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 арга хэмжээний санал ирүүлсэн байна. Төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа бодлого төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, нийгэм, эдийн засагт оруулах ач холбогдол, нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болон урьдчилсан нөхцөл бэлтгэл хангагдсан байдал, санхүүгийн эх үүсвэр баталгаатай зэрэг нөхцөл шаардлагуудыг харгалзан эрэмбэлж тусгасан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан 6 бүлэгт хуваан боловсруулсан. Ингэхдээ салбарын 14 үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн 34 үр дүн, хөтөлбөрийн 95 үр дүн, 418 арга хэмжээг 2 их наяд 974 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй байхаар тооцоолон боловсруулжээ.

Төслийг “Алсын хараа 2050”, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Шинэ сэргэлтийн бодлого, хотын дэд төв, авто замын түгжрэлийг бууруулах, шинэ тойрог зам, сэлбэ сэргэлт төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй уялдуулан нэгдсэн байдлаар судалгаа хийж богино, дунд хугацааны хөгжлийн шийдлийг тодорхойлсон 3 суурьт хөтөлбөрийг Нийслэлийн Засаг дарга дэвшүүлснийг хөгжлийн төлөвлөгөөгөөр дамжуулан хэрэгжүүлж ажиллана гэдгийг Ж.Сандагсүрэн онцоллоо. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой болсон.

Нийслэлд тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэлийн уялдааг сайжруулахад анхаарч ажилласны үр дүнд улсын төсөвт Улаанбаатар хотын төвлөрүүлж буй орлогыг нийслэлд хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн “Эрдэнэс Баянбогд” төслийг эхлүүлснээр нийслэлд шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэр, нөөц болсон юм. Улмаар хотын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн багц 15 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэв.

Хэлэлцэж буй асуудлаар төлөөлөгчид санал гаргаж, зарим зүйлийг тодруулж хариулт авсан юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын банктай үүссэн өр авлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан юм. Мөн нийслэлийн бондоор орон сууцны бодлого хэрэгжүүлбэл, алслагдсан дүүргүүдийг хамруулах, хот тохижилтын компаниудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах асуудлыг хөндлөө. Мөн хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгагдсан арга хэмжээнүүдийн санхүүжилт бараг 3 их наяд төгрөгт хүрч байгаа бөгөөд, энэхүү дүнг төсөв дээр баталж чадах эсэхийг тодруулсан юм. Мөн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд “Сэлбэ” гол доогуур бохир усны шугам тавьж буй асуудлаар мэдээлэл хүслээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны айл өрхүүд рүү инженерийн дэд бүтэц татах санхүүжилтийн талаар төлөөлөгч Л.Ариунтуяа тодрууллаа. Эдгээр хорооны иргэдийн 80-иас дээш хувь нь энэхүү ажлыг дэмжсэн бөгөөд зураг төсөл нь бэлэн болоод байгаа аж.

Мөн сургуулийн үдийн хоолны шим тэжээл, үнийн асуудал, хүүхэд хамгаалал, хөгжлийн бодлогоор тодорхой саналууд гаргаж, байр сууриа илэрхийлэв. Төлөөлөгч Ү.Оюунзул “Урлан бүтээх төв”…зэрэг хүүхэд хөгжлийн байгууллагуудын байр муудсан, дорвитой шинэчлэл хийдэггүй, жил бүр засвар будаг хийх байдлаар түр арга хэмжээ авдгийг онцолсон юм. Мөн дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээгээр хэрхэн хангах, Яармагийн зэвтэй усны асуудал, Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгох талаар саналаа хэлж, дорвитой арга хэмжээ авахыг санууллаа. Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр хийж, эцэслэн батална.