Бүжгийн спортын аваргуудтай уулзлаа
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Бүжгийн спортын дэлхийн гурван удаагийн аварга Н.Онондарийн урилгаар “Star Dance” бүжгийн хамтлагийн бэлтгэл сургуулилттай танилцав.
Тус хамтлагт 1-20 жил бүжгийн спортоор хичээллэж буй нас насны, салбар бүрийн төлөөлөл болсон оюутан залуус хүсэл сонирхлоороо нэгдэж, нэгэн зорилгын дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
“Star dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, Ерөнхий дасгалжуулагч багш Д.Батсайхан шавь нараа танилцуулж, бүжгийн спортоор хичээллэхийн сайхныг ярьсан юм. Бүжгийн спорт хүний биеийн галбир, булчинг зөв хөгжүүлж, засахаас гадна ой тогтоолтыг сайжруулдаг төдийгүй бүх насны хүсэл сонирхолтой хүн бүхэн хичээллэх боломжтой гэдгийг тэрээр онцолсон. Д.Батсайхан багш бол Монголын боловсролын салбар, бүжгийн урлаг, спортын чиглэлээр 23 дахь жилдээ ажиллаж байгаа ба багийн спортын хөгжил, бага насны хүүхдийн бүжиг, хөгжим, хөдөлгөөний агуулга, арга зүйг боловсронгуй болгох, СӨБ-ийн хөгжилд мөн хувь нэмрээ оруулж яваа МУБИС-ийн багш юм.
У.Мөнхцэцэг гишүүн нь УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн даргын хувьд спортод дуртай залуусаа дэмжиж ажиллахыг ямагт эрмэлздэг юм. Тийм ч учраас энэ удаа бүжгийн спортын төрлөөр тив, дэлхийн тэмцээнүүдэд удаа дараа шилдгээр шалгарч байсан Монголын бүжгийн ууган хамтлагуудын нэг “Star Dance”-ийн бэлтгэл, сургуулилтийг сонирхож, залуустаа амжилт хүслээ.
Тэд энэ оны арванхоёрдугаар сард Хонконгд болох Бүжгийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ажил, хичээлийнхээ хажуугаар өдөр бүр тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж байгаа нь энэ юм.
Спортоор хичээллэдэг хүнд дусал хөлс, хором мөч бүхэн үнэ цэнтэй байдаг тул асгарсан хөлс, зарцуулсан хөдөлмөрийнхөө тоогоор амжилт дагуулах нь гарцаагүй юм. Тэрээр хичээн тэмүүлж байгаа “Star Dance”-ийн хамт олонд дэлхийн аварга болохыг ерөөж, өндөр амжилт хүслээ.