Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжуудыг албадан буулгаж эхэллээ
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулж, мэдээлэл өглөө.
Тухайн барилга байгууламжууд нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс буюу үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн баригдсан тул үйл ажиллагааг нь зогсоож, газар чөлөөлөх шаардлагатай гэсэн Байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлт гараад буй. Тодруулбал,
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Шунхлай” ХХК-ийн ШТСХан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Акуа Гарден” хотхоны хоёр блокСүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “S’Outlet” дэлгүүрийн хоёр блок барилга нь Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж буй юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Тухайн барилга байгууламжууд нь үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул газар чөлөөлөх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсантай холбоотойгоор албадан буулгах захирамж гарсан. Иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй тул уг барилгуудад яаралтай арга хэмжээ авах нэн шаардлагатай байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл тус бүртэй уулзаж, ярилцсан. Өнөөдөр байршил тус бүр дээр ирж, удирдлагуудад нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг албан ёсоор танилцуулж байнаТус аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтнуудад авах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Хамгийн гол нь иргэдийн амь нас аюулгүй байдалд эрсдэл, аюул үүсээд буй тул шүүхийн процессыг хүлээн, ажлыг удаашруулж, замхруулж болохгүй. Сэлбэ, Дунд голын орчимд газар олгосон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Дээрх барилга байгууламжууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул буулгах шаардлагатай гэсэн Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлтэд үндэслэн, хуульд заасны дагуу албадан буулгах захирамж гарсан. Албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж, буруутай этгээдээр эргэн төлүүлэх зарчмаар хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.