2023.08.08

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тойргийнхоо иргэдтэй "Эргэх холбоо" уулзалт хийж байна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгаас сонгогдсон гишүүдээ төлөөлөн "Эргэх холбоо" иргэдтэй хийх уулзалтаа хийж байна. Тэрээр Дадал сумын Балж багийн 60 гаруй иргэдтэй уулзалт хийж, УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, улс орны амьдралд гарч буй өөрчлөлт, шинэчлэлт, Засгийн газрын ажлын талаар тайлагнаж, иргэдээ сонслоо.

“Эргэх холбоо-52” Иргэдээ сонсох уулзалтыг Хэнтий аймгийн бүх 89 багт зохион байгуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нартай уулзалт хийх үеэрээ тэрээр жилийн өмнө тус багийн иргэдтэй уулзаж байжээ. Тухайн үед багийн иргэд усанд боогдож буй учраас Хёрхон голын гатлага /бирвааз/ хэрэгтэй, багаа үүрэн холбооны сүлжээнд холбуулах хүсэлт тавьж байв. Улмаар хүсэлтийг хүлээн авч тойргийн гишүүдийн нэгдсэн ажлын алба, аймгийн Засаг даргатай хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Балж багийн иргэд өнөөдрийн хурлаар “Эргэх холбоо-52” уулзалтын “Үр дүн”-г хэлэлцэж, ирэх жилийн ажлаа төлөвлөлөө.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Дадал сумын Балж багийн иргэдтэй уулзахын зэрэгцээ Цагаан чулуутын Заставын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 онд тус заставт эрчим хүч, харилцаа холбоо шийдсэн бол үргэлжлээд Заставын ажилчдын 8 айлын орон сууц шийдвэрлүүлэх хүсэлт уламжилсныг хүлээн авч, Хилийн цэргийн 0287 дугаар ангийн Цагаан чулуутын 3-р заставыг шинэчлэх хөрөнгө оруулалтыг 2022 оны улсын төсөвт тусгах асуудлыг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд шийдвэрлэсэн юм. Ингэснээр хил хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй хилчид маань тохилог сууцтай болжээ.

Тэрээр дараагийн "Эргэх холбоо" иргэдтэй хийх уулзалтаа Дадал сумын Агац багт хийлээ. Уулзалтаар 2023 оны хаврын чуулганы тайлан, шинээр батлагдсан хууль, хэлэлцэгдэж буй гол гол хуулийн төслүүд, Засгийн газрын онцлог шийдвэр, аймгийн төсөвтэй холбоотой мэдээлэл хүргэж, багийн иргэдээ сонслоо.

“Эргэх холбоо-52” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд тойргийн гишүүдэд хүсэлт ирүүлсэн Дадал сумын Агац, Биндэр сумын Дэлгэрхаан багийг Засгийн газрын дэргэдэх Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр Юнителийн сүлжээ тавих ажил мөн хийгдсэн юм. 

Намрын ид ажил өрнөж Буриад зоны маань хадландаа гарсан өдрүүд үргэлжилж байна. Гэсэн хэдий ч сонгосон гишүүнтэйгээ уулзах уулзалтад ирж ороцлсон байна.