Сэлбийн ус эргээ хальж байсныг зогсоолоо
Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагынхан, албан хаагчид тодорхой байршлууд дээр ажилласаар байна.
Тодруулбал,Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, өнөөдөр 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрч, ойр орчмын талбай, хотхон, хороолол, барилга усанд автсан. Энэ байршилд 500 орчим албан хаагч том оврын машин механизмтай ажиллаж хальж байсан усыг зогсоолоо. Одоогоор үерийн даланг хүчитгэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Хамгийн хүнд байсан байршлуудын нэг бол энэ байсан. Онцгой, цэргийн алба хаагчид, хувийн хэвшлийн техникийн дэмжлэгтэйгээр ажиллаж усыг хааж чадлаа. Бүх нөөц бололцоогоо дайчлан ажилласан алба хаагч нартаа, тусалж дэмжсэн иргэд, аж ахуйн нэгждээ талархал илэрхийлье. Одоо даланг нэмж хүчитгэх ажил үргэлжилж байна хэмээсэн юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид хичээн ажиллаж, хальсан усыг богино хугацаанд хаалаа. Цаашид ч бороо орж, усны түвшин нэмэгдэх төлөвтэй. Тиймээс далангуудаа бэхжүүлэх нь чухал байгаа юм. Одоогоор 400 гаруй тонн элс, хүнд даацын шуудайг бэлдэж далан, хаалтаа хүчитгэж эхэлж байна хэмээв.