"НОСК" нь хувийн хэвшлийн 100%-ийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэгчийг сонгож батламжиллаа
Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутагт байрлах Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 3-20 дугаар байрны 0,2 га газарт орон сууцыг буулгаж шинээр барилгын төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Очир бумбат констракшн” ХХК-нд өнөөдөр гардуулан өгч төслийн ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхийг захив.
Хот байгуулалт хөгжлийн газраас 2018 оноос хойш 20 гаруй удаа тендер сонгон шалгаруулалтыг энэхүү байршил дээр зарласан боловч төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дахин төлөвлөн барилгажуулах А/498 дүгээр захирамж, шийдвэрээр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д төслийн ажлыг эрчимжүүлэхийг даалгасан.
НОСК-ийн зүгээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс хувийн хэвшлийн 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээллийг нээлттэй хүргүүлж ажилласны дүнд төсөл хэрэгжүүлэгчээр “Очир бумбат констракшн” ХХК шалгарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/535 тоот захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олгосон.
Уг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх байршил дах 1 давхар дан барилга нь 1964 онд баригдсан бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын, Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн тооцоо, үнэлгээ болон улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож 2017 оноос ашиглахыг хориглосон. Барилга нь 1 давхар тэнхлэгээрээ 48*12м хэмжээтэй /аж ахуйн аргаар баригдсан/ 32 айлын орон сууцны барилга юм.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгажилтын төслийн архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газраар батлагдсан. Мөн барилгажилтын төслийн загвар зураг төслийг Хот байгуулалт хөгжлийн газарт батлуулахаар хүргүүлээд байна.
Төлөвлөлтийн дагуу А, В, 2 блок. Цэцэрлэгийн түр бүлэг бүхий үйлчилгээтэй, 240 айлын орон сууцны барилга байхаар төлөвлөсөн байна. Хувийн хэвшлийн 100% хөрөнгө оруулалтаар тус төслийг хэрэгжүүлэхээр “Очир бумбат констракшн” ХХК ажиллаж байна.