Харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг нэвтрүүлж байна.
2023.07.07

Харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг нэвтрүүлж байна.

Хиймэл дагуулд суурилсан өндөр хурдны интернетийн үйлчилгээ эрхлэгч “Старлинк” компани Монгол улсад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө гардаж авлаа. Өргөн уудам нутаг, нүүдэлчин ахуйгаас гадна эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд болох уул уурхай, газар тариалан, аялал жуулчлалын бүс нутгуудад харилцаа холбооны сүлжээ кабелийг бүрэн хүргэхэд хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны зохицуулалтууд шаардагдсаар ирсэн билээ.

Салбарын сайдын хувиар миний бие, ЦХХХЯ-ны хамт олны хамт 2023 оны 3 сард Барселон хотод зохион байгуулагдсан Mobile World Congress (MWC) хурлын үеэр SpaceX, OneWeb зэрэг нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай уулзаж, технологийн боломж, бусад орны зохицуулалтын туршлагаас судалсан. Энэ цаг үетэй зэрэгцэн Монгол Улсын Засгийн газраас бизнес эрхлэх таатай нөхцөлийн бүрдүүлэх зорилгоор төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоо, нөхцөл шаардлагыг цэгцэлж Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Уг хуулийн зарчмын гол заалтуудын нэг болох хуульд заагаагүй нөхцөл, шаардлагыг ямар ч салбарт нэмж шаардахгүй гэснийг үндэслэн өмнөх баримтлах чиглэлийг 2023 оны 03 сард хүчингүй болголоо.

Бодлого, зохицуулалтын орчин тодорхой болсонтой холбогдуулан энэ салбарын бизнесүүд үйл ажиллагаа явуулахад саадгүй болж, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, ногоон технологи, сансар, мэдээллийн технологийн чиглэлээр санал солилцсон.

Төд удалгүй Starlink Service Mongolia ХХК нь 2023 оны 6 дугаар сард ХХЗХ-д Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон сансрын үйлчилгээнд KU зурвасын радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг гаргасан бөгөөд ХХЗХ нь хуулийн хугацаанд үнэлгээг хийж 2023 оны 7-р сарын 4-ний хорооны хуралдаанаар 2 тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрийг гаргасан байна.
Ийнхүү Старлинк нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг эрхлэгчдээс хамгийн түрүүнд Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо.

Сансрын технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд шууд холбогдох боломж бий болж байгаад нийт иргэдийнхээ өмнөөс маш их баяртай байна. Тус компанийн хувьд нам орбитын хиймэл дагуулын сүлжээг өндөр хурдны, тасалдалгүй интернэтийн үйлчилгээ үзүүлэгч дэлхийн хэмжээний компани бөгөөд USA, Canada, United Kingdom, Germany, New Zealand, Australia, France, Austria, Netherlands, Belgium зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж, Азийн зарим улсуудад (Япон 2022 онд, Филлипинд 2023 онд) үйлчилгээгээ нэвтрүүлж, 4000 гаран хиймэл дагуулыг хөөргөн дэлхийн хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгоод байна.

Бид салбарын бизнесийн бодлогын орчинд салхи оруулж, олон улсын хөрөнгө оруулалт, ноу хауг нэвтрүүлэх боломжийг нээж, иргэд, бизнесийн байгууллагуудад харилцаа холбооны шударга, тэнцвэртэй шийдлийг хүргэх бүх боломжийг эрэлхийлж, хичээж ажиллах болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn