УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны төлөвлөгөө болон сайжруулсан шахмал түлшний чанар эрсдэлийн талаар цаг үеийн мэдээллийг сонслоо.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Тайлан хангалтгүй ирсэн. Өнгөрсөн жил 43 тэрбум төгрөгөөр 49 ажил төлөвлөсөн байна. Аль ажил дээр хэдэн төгрөг тавьсан, хэдэн төгрөг зарцуулагдсан нь тодорхойгүй. Мөн ямар ажлуудыг хийж дууссан, ямар ажил ямар шалтгаанаар тухайн ондоо хийгдээгүй гэдгийг гаргаж ирээгүй байна.
Өнгөрсөн жил хийж дууссан ажлууд дотор аймгуудын нам даралтын зууханд утаа шүүгч суурилуулах ажлыг 100% хийсэн гэжээ. Миний ойлгож байгаар Өвөрхангай аймагт хийгээгүй шүү дээ. Ямар ч боломжгүй, техникийн шаардлага хангахгүй, түлж байгаа нүүрсээ судлаагүй шүүлтүүр авч тавьсан нь ажиллах боломжгүй. Энэ асуудлыг яах вэ? Шаардлага хангаагүй шүүлтүүр авч тавьсан аж ахуйн нэгжийг яах юм. Гэрээг нь цуцлах юм уу? Мөнгийг нь төлүүлэх юм уу? Эсвэл шаардлага хангасан шүүлтүүр авч иртэл уг ажил явах уу?
Байгаль орчны яаманд Үндэсний хорооны дарга байхаар байгаль орчны чиглэл рүү баахан юм тавьчихсан. Жижиг зүйлүүд тусгасан ч үүнээс үр дүн харагдахгүй байгаа юм. Одоо эрчим хүчний сайдад оччихсон чинь бүх мөнгөө өөрийнхөө салбарын буюу 15 тэрбумаар 5000 айл, өрхийн цахилгаан халаагуур халаах техникийн боломжийг бүрдүүлнэ гэжээ. 5000 айлын техникийн боломжийг бүрдүүлээд, тогны мөнгө өндөр үүнд орохгүй шүү дээ. Ингэж салбар яамны ажил хийгээд яваад байвал яаж агаарын, орчны бохирдлыг бууруулах юм бэ?
Өнгөрсөн жилийн 43 тэрбум төгрөг тавихдаа агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулна гэж тавьсан юм? Тэр үр дүндээ хүрсэн юм уу? Эсэргээрээ өнгөрсөн жил Улаанбаатар хотод агаарын бохирдол асар өндөр байсан. Шалтгаан нь яг юу байсан бэ? Сайжруулсан түлшиндээ байсан юм уу? Түлшинд орж байгаа барьцалдуулагчдаа байсан юм уу? Маш олон хүмүүс угаартаж нас барлаа гээд Ардчилсан намын бүлэг мэдэгдэл хийгээд яваад байсан. Үүний шалтгаан, нөхцөлийг Үндэсний хороон дээр тогтоож байна уу?