Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо /2023.06.21/ хуралдаж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны төлөвлөгөө болон сайжруулсан шахмал түлшний чанар эрсдэлийн талаар цаг үеийн мэдээлэл сонсов.
Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ. Үндэсний хороо нь 21 хүний бүрэлдэхүүнтэй, зургаан сайд, дөрвөн дэд сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, дөрвөн ахлах зөвлөх, зургаан газар нэгжийн даргаас бүрдсэн бөгөөд хорооны даргаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, орлогч даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ажиллаж байна хэмээн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Х.Энхбат танилцуулсан.
Тэрбээр, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь 2022 онд 43.66 тэрбум төгрөгийн 49 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласнаас 26.1 тэрбум төгрөгийн санхүүгийн гүйцэтгэл гаргаж, 58.8 хувийн биелэлттэй ажилласан.
Өмнөх 2019-2022 онуудад эхэлсэн боловч дуусаагүй 24 төсөл, арга хэмжээ байгаа бөгөөд он дамжин хэрэгжих төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг үнэлж, хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах ажлын хэсгийг байгуулан, ажлын хэсгээс гаргасан саналыг Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн анхдугаар хурлаар “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зарим арга хэмжээг” баталжээ.
Улаанбаатар хотын гэр хорооллын 110.000 айл өрхийг 2.5 кВт, 20.000 айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд “5012 айл өрхийг 4кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх” ажлыг 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр баталсан байна.
Мөн 459.7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Агаарын чанарыг сайжруулах бүсэд хяналт шалгалт хийх ажилд дэмжлэг үзүүлэх ажил, 272.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг баяжуулах туршилт хийх, Шахмал түлш болон хагас коксын үйлдвэрүүдтэй танилцаж бүтээгдэхүүн болон түүхий эдийн туршилтын судалгааны ажил, 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн, тус дэд хорооны дарга Г.Ганболд агаарын бохирдлыг бууруулна гэж өнгөрсөн жил 43 тэрбум төгрөг төсөвлөсөн ч үр дүн эсрэгээрээ байсан хэмээн шүүмжиллээ.
Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авахаар төлөвлөснийг тодруулаад, агаарын бохирдол буураагүй нь шахмал түлшний чанартай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Шахмал түлшний барьцалдуулагчийг өндөр үнээр гаднаас авч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байгаад тэрбээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Нийслэлийн агаарыг бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Тухайлбал, цахилгаан түгээх сүлжээний хүчин чадлыг өргөтгөж, хэрэглэгчид цахилгаанаар халаалтаа шийдэх техникийн боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр халаалтын асуудлаа шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа.
Түүнчлэн зуухыг сайжруулах, хэрэглэгчийн худалдан авах чадварт нийцсэн газ буюу хийн түлш нийлүүлэх тал дээр бас ажиллаж байна. Үндэсний хорооны шийдвэр гарч 5000 айлын халаалтыг цахилгаанаар шийдэх техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Ингэснээр утаа гаргадаг яндангийн тоо тэр хэмжээгээр буурна хэмээн хариуллаа.