“Залуу манлайлагч”, “Залуу элч” хөтөлбөр Баянхошуу болон Сэлбэ бүсэд хэрэгжлээ
“Баянхошуу” болон “Сэлбэ” бүсийн 11 хорооны залуучуудыг хамруулсан “Залуу манлайлагч” болон “Залуу элч” хөтөлбөр 2022-2023 онд хэрэгжлээ. Залуучуудын нийгэм эдийн засгийн төлөв байдлын талаарх ойлголтыг сайжруулах, гэр хорооллын залуусын утга учиртай оролцооны арга барилыг хот төлөвлөлт, загварчлал, бүтээн байгуулалт, засаглалд турших зорилготой “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төслийг энэхүү хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүллээ.
Ингэхдээ оролцогч залуусын техникийн болон зөөлөн ур чадварыг сайжруулах сургалтуудыг зохион байгуулж, оролцооны аргаар залууст тулгамдаж буй асуудлууд, тэдний хэрэгцээ шаардлагууд болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох, хот төлөвлөлт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх залуусын оролцоотой бичил 6 төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийсэн байна.Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч Д.Авирмэд хэлэхдээ, Манай төслийн 1-р үе шат хэрэгжиж дуусаж байна.
Энэ хүрээнд бид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг хийж байна. Бүтээн байгуулалтад зөвхөн инженерийн дэд бүтцээс гадна дэд төвд амьдарч байгаа иргэдэд зориулсан нийгмийн барилга байгууламж, өнөөдөр бидний зогсож байгаа Бизнес инкубатор төв, спорт комплекс, олон нийтийн хөгжлийн төв гэсэн барилгуудыг барьж, ашиглалтад оруулж байна. Тэгэхээр дэд төвийг хөгжүүлэх, хотын төв шиг хотын төв болгохын тулд иргэдийн оролцоо маш чухал. Тэр дундаа залуучуудын оролцоо маш чухал. Тийм учраас манай төсөл энэ техникийн туслалцааг санаачилж, АХБ-нд санал тавьсны дагуу Хүүхдийг Ивээх Сан шалгарч энэ төслийг амжилттай хэрэгжүүлээд дуусаж байна.
Гэр хороололд амьдарч буй залуус ямар хүсэл мөрөөдөлтэй байна вэ, хотын төв шиг хотын төв болж энд байгаа бүх хэрэгцээгээ хангахын тулд залуучуудад юу хэрэгтэй байна, дээрээс нь залуучууд маань сургалтад хамрагдаж, өсөж хөгжиж явахад юу хэрэгтэй байна гэдэг талаар энэхүү техникийн туслалцааныхаа хүрээнд судалгаа хийсэн.
Тэгэхээр залуучуудын хүсэл сонирхол, хүсэж байгаа зүйлсийг бид дэмжиж цаашдаа ажиллана. Нэг удаагийн техникийн туршилтын төслөөр асуудал дуусахгүй, цаашдаа бид хот болон холбогдох яам, тамгын газруудад залуучуудын хүсэл сонирхол, дуу хоолойг хүргэх, үүнд зориулсан бүтээгдэхүүн, нэмэлт санхүүжилт гаргах зэрэг асуудлуудыг холбогдох донор байгууллагуудад тавьж, дараагийн шатны ажлаа эхлүүлнэ. Мөн манай төслийн 2-р үе шат Толгойт, Дамбадаржаа төв удахгүй ашиглалтад орно. Тэгэхээр энэ хүрээнд Толгойт, Дамбадаржаад амьдарч байгаа залуучуудыг төлөвлөлтдөө идэвхтэй оролцуулах, өөрийнхөө амьдарч буй орчныг сайжруулахад залуучууд юу хийж болох вэ, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд юу хийж чадах вэ, хотын төвийн хүүхдүүдтэй өрсөлдөхүйц тэгш боломжоор хангахад бид яаж ажиллах вэ гэдгийг хийж байгаа. Тиймээс манай төслийн хамт олон залуучууд хөгжиж, амьдрах сайхан орчныг бүрдүүлэхийг зорьж байна гэв.
Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай төслийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар танилцуулахдаа, Хүүхдийг Ивээх Сан Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийг хүртэл 30 гаруй жилийн хугацаанд бид хүүхэд хамгаалал боловсрол хүүхдийн эрхийн засаглал хүмүүнлэгийн туслалцаа зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр бид Улаанбаатар хотын Баянхошуу, Сэлбэ дүүрэгт залуучууд руу зориулсан, ялангуяа гэр хороололд амьдардаг залуучуудад зориулсан төслийнхөө хэрэгжилтийг дуусгаад өнөөдрийн хурлаар төслөөр хэрэгжүүлсэн төрөл бүрийн арга хэмжээнийхээ үр дүнг олон нийтэд, донор байгууллагуудад, хамтран ажиллагч байгууллагууддаа танилцууллаа.
Тэдгээрээс нэг гол хийсэн зүйл нь юу вэ гэвэл төслийн явцад гэр хороололд амьдарч байгаа залуучуудын хэрэгцээ шаардлагыг судалж, судалгаа хийсэн. Энэ судалгааны мөрөөр туршилтын төслүүдээ амжилттай хэрэгжүүлээд дууслаа.
Энэ төслүүдийг хэрэгжүүлж байхдаа бидний олж мэдсэн зүйл нь тухайн хороонд амьдарч буй иргэд төслийг зөв зүйтэй гэж мэдвэл биднээр хэлүүлэхгүй, өөрсдөө ирж тусалж байна. Жишээ нь та бүхэн анзаарсан бол мухар гудамжнуудад толь суулгасан төсөл байгаа. Энэ төсөл дээр манай залуучууд өөрсдөө нүхээ ухаад, толио суулгаж байхад хажуу хамар хашааны хүмүүс нь ирээд тусалсан. Тэгэхээр тухайн хороонд хэрэгтэй гэж үзсэн зүйл дээр сайн дурын хүчийг ашиглах маш их бололцоо байдаг юм байна. Үүнийг зохион байгуулах ажил байна. Бид цаашдаа нэг гудамжинд хэдэн толь тавиад зогсохгүй орон нутаг, тухайн хороонд амьдарч буй хүмүүсийг зөв зохион байгуулж чадвал 10, 20, 30 гудамжинд аюулгүйн толь байршуулах боломжтой юм байна гэдэг нь харагдаж байна гэлээ.“Залуу манлайлагч” болон “Залуу элч” хөтөлбөрийн ахлагч, Хүүхдийг Ивээх Сангийн Залуучуудын оролцооны төслийн зохицуулагч М.Тэмүүжин хийсэн ажлынхаа талаар ийнхүү танилцууллаа.
2022 оны 6 дугаар сараас “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоо” төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжүүллээ. Уг төсөл нь 3 зорилтын хүрээнд ажилласан. Нэгдүгээр зорилт нь орон нутгийн залуучуудын нөхцөл байдлын талаар ойлголт нэмэгдүүлэх, Хоёрдугаарт, залуусын утга учиртай оролцооны арга барилыг хэрэгжүүлэх, Гуравдугаарт, залуусын утга учиртай оролцоог хот төлөвлөлт, хот байгуулалтад турших гэсэн гурван зорилтын хүрээнд ажилласан.
Нэгдүгээрт, бид залуусын нөхцөл байдлыг судлахаар Баянхошуу болон Сэлбэ бүсийн 11 хороонд 600 залууг хамруулсан “Залуусын нөхцөл байдлын судалгаа”-г хэрэгжүүллээ. Судалгааны загварыг тоон болон чанарын аргаар судлахад “Хоёр залуу тутмын нэг нь ажилгүй байна”, Мөн залуус амьдарч буй орчиндоо сэтгэл ханамжгүй байна. Энэ өдөр бид үр дүнгээ танилцуулахын хажуугаар төслийн хүрээнд хэрэгжүүлсэн судалгаатай холбоотой зөвлөмжүүдээ хүргэсэн.