"Мал эмнэлгийн алба"-ыг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын жагсаалтад нэмнэ
2023.06.20

"Мал эмнэлгийн алба"-ыг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын жагсаалтад нэмнэ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр (2023.06.19) Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар:

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бичил биетний хувьсал, олон улсын худалдаанд тавигдаж буй хориг, шинээр болон дахин сэргэж буй хил дамнан тархах эрсдэлтэй өвчнүүдийн дэгдэлт нэмэгдэж, амьтнаас хүнд халдварладаг 1500 орчим хүний халдварт өвчин бүртгэгдсэний 60 хувийг нь зооноз өвчин эзэлж, жил бүр 4-5 халдварт өвчин шинээр бүртгэгдэж байгаагаас 75-80 хувь нь амьтнаас хүнд халдварлаж байгааг судалгаагаар тогтоогджээ.

Иймд мал сүргээ гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчнөөс, ялангуяа нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй, тайван байдлыг олон улсад баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлж, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасан  тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын жагсаалтад мал эмнэлгийн албыг нэмэх шаардлага үүссэн байна.

Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 12/09 дугаар зөвлөмжөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба”-ыг нэмэхийг Монгол Улсын Их Хуралд зөвлөмж болгосон. Иймд дээрх агуулга бүхий нэмэлтийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд оруулахаар хуулийн төслийг боловсруулсан байна.