2023.06.12
“ICT EXPO-2023”-ын хүндэт зочдод Инновац, цахим бодлогын байнгын хорооны үйл ажиллагааг танилцуулав
“Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ “ICT EXPO-2023” -д олон улсын өндөр түвшний хүндэт зочид уригдан оролцож байгаа.
Тэдгээр зочдыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны үйл ажиллагаа болон Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, хууль эрхзүйн орчны талаар танилцуулж, салбарын цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо.
Энэ жилийн “ICT EXPO-2023” арга хэмжээнд Тажикстан улсын Аж үйлдвэр, технологийн тэргүүн дэд сайд Isojon Qurqonzoda тэргүүтэй Азийн хөгжлийн банк, НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд, “Amazon”, “Naver”, “Google”, “ICore” зэрэг дэлхийн тэргүүлэх группуудын удирдлагууд, АНУ, Тайланд, БНСУ, Япон, Казакстан, Тажикстан, Энэтхэг улсын 150 гаруй хөрөнгө оруулагч, хамтын ажиллагааны түншүүд оролцож байна.
Мэдээллийн технологид тулгуурлан төрийн үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлж, хот суурин газрын төвлөрлийг сааруулах, салбарын экосистемийг хөгжүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээхийг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж ирсэн.
Монгол Улс сүүлийн таван жилд цахим шилжилтээр эрчимтэй хөгжиж, үүнд бодлогын түвшний шийдвэрүүд чухал нөлөө үзүүлж байгааг олон улсын зочид төлөөлөгчид онцолж байна.