Өмнөд Солонгос даяаршлыг дэмжих үү, эсэргүүцэх үү?
Дэгүгийн их сургуулийн оюутнуудад зориулсан жижиг исламын сүмийг шинэчлэн барих ажил нь тус улсын консерватив христийн шашинтнуудын эсэргүүцлийг өрнүүлэв.
Муаз Разак 2019 онд Пакистанаас Өмнөд Солонгост компьютерийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалахаар ирэхдээ шашин хоорондын зөрөлдөөний шалтгаан болно гэж төсөөлж байсангүй. "Өмнөд Солонгос программ хангамж, инженерчлэлийн салбарт тэргүүлэгч бөгөөд Солонгосын талаар ахмад настнуудаасаа эерэг зүйл сонссон, мөн ойролцоо исламын сүм байдгийн ачаар Кёнпүүкийн үндэсний их сургуулийг анх сонгож байлаа. Нутгийн зарим хүмүүс миний уламжлалт хувцас, сахал зэргийг сонирхдог байсан нь Солонгосын эртний язгууртнуудыг санагдуулдаг байсных. Харин би хэзээч дайсагнал, ялгаварлан гадуурхалтыг мэдэрч байгаагүй" гэж 27 настай докторын зэрэг хамгаалсан Муаз Разак ярьжээ.
Их сургуулийн 150 орчим мусулманчууд 2014 онд сургуулийн хажууд байгуулсан сүмээ шинэчлэхээр шийдсэнээр бүх зүйл өөрчлөгдөж уг барилга Исламофобигийн бай болсон.
Албан ёсоор Дар-ул-Эмаан Кёнпүүк буюу исламын төв гэгддэг уг сүм Өмнөд Солонгосын гурав дахь том хот Дэгүгийн Бук дүүрэгт байрладаг бөгөөд Сөүлээс 240 км-ийн зайд оршдог.
Дэгү хотын орчим исламын шашинт цагаач ажилчдад зориулсан арав орчим исламын сүм байдаг.
Исламын шашинт оюутнууд их сургуулийн хажууд хэт давчуу, халаалт муутай байсан хуучин байраа буулгаж хоёр давхар шинэ барилга барихаар хөрөнгө босгосон ба барилга барих зөвшөөрөл авахын тулд түр залбирлын байр болж байгаа хажуугийн байшинг худалдан авах ёстой байв. 2021 оны эхээр барилгын ханаа босгосны дараа Бук дүүргийн захиргаанаас орон нутгийн иргэдийн гомдлыг үндэслэн барилгын ажлыг зогсоожээ.
Удалгүй ойр орчмын хорооллоор исламын шашинт оюутнуудыг террористууд хэмээм цоллож энд исламын сүм босвол энэ хавь ядуусын хороолол болж үл хөдлөх хөрөнгийн үнэ унана гэсэн агуулга бүхий товхимолууд тараагдаж нутгийн иргэд түр залбирах байрны гадаа жагсаал цуглаан хийж эхэлжээ.
Тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага барилгын ажлыг дахин эхлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргаж Дээд шүүх 2022 онд барилгын ажлыг зогсоох захирамжийг хууль бус гэж үзсэн хэдий ч үзэн ядалт улам нэмэгдэж эсэргүүцэгчид барилгын талбайн өмнө гахайн мах шарсан үдэшлэг зохион байгуулж гахайн толгойг тэндээ үлдээжээ. Эсэргүүцэгчдийн дайралтаас сэргийлэн дүүргийн захиргааг цагдаа нар хамгаалж байв.
Тус сургуулийн ислам шашинт оюутнуудыг төлөөлж байгаа Разак уг эсэргүүцэлд зарим шашины бүлгүүдийг буруутгаж нутгийн иргэдийг тэдний эсрэг турхирч байна гэж мэдэгджээ.
Христийн шашины протестант урсгалыг Өмнөд Солонгосын хүн амын 20 орчим хувь буюу 10 сая хүн дагадаг бөгөөд улс төр нийгэмд чухал нөлөө үзүүлдэг. Харин 200 мянга хүрэхгүй исламын шашинт хүмүүс байдгаас ихэнх нь цагаач ажилчид, гадаадын иргэд байдаг аж. Өмнөд Солонгосын исламын чиглэлээр мэргэжсэн Кэймюнг их сургуулийн туслах профессор Фаррах Шейх исламофоби буюу исламын шашинаас айх айдас нь баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээлэл, халал хоол хүнс, эсвэл исламын шашинтнуудад үйлчлэх байгууллагыг нэвтрүүлэх замаар "исламын довтолгоо" орж ирэхээс сэргийлж Христийн шашины байгууллагуудаас сайн зохион байгуулж санхүүжүүлсэн эсэргүүцлийн улмаас улам ихсэж байна гэжээ.
Гэвч хүмүүсийн болгоомжлол нь үндэслэлгүй зүйл биш бөгөөд исламын шашины халхавчин дор олон хэт даврагч, алан хядагч террорист бүлэглэлүүд нуугдаж байдаг, исламын сүм байгуулагдсан газар болгон тэд нэвтрэх боломжтой гэдэг нь дэлхий нийтэд тодорхой зүйл билээ.
Сүүлийн үеийн судалгаагаар Солонгос нь исламын шашин болон ЛГБТ нийгэмлэгүүдийн эсрэг онцгой анхаарал хандуулж соёлын дайн эхлүүлсэн болохыг тогтоожээ.
Энэ нь Өмнөд Солонгосын сүүлийн хэдэн арван жилийн турш хэрэгжүүлж буй даяаршлын төлөөх маш идэвхтэй хөдөлгөөнтэй зөрчилдөж буй бөгөөд Өмнөд Солонгос руу цагаачдын урсгал бий болгох албан ёсны бодлоготойгоо нийцэхгүй байгаа юм.
Энэ жижиг сүмийн асуудал нь дипломат асуудал болон хувирч магадгүй байгаа бөгөөд Сөүл дэх Нэгдсэн Вант улсын элчин сайд уг газарт бэлгэдлийн шинжтэй зочилсон бол исламын шашинт улсуудын ЭСЯ-ууд ч нөхцөл байдал хэрхэн эргэхийг ажиглаж байна. 5-р сарын 20 томоохон эсэргүүцлийн жагсаал төлөвлөгдсөн байгаа бөгөөд Үндэсний бүрэн эрхэт үйл ажиллагаа бүлгийн пастор Жозеф Жу хэлэхдээ тус бүлгийн эсэргүүцлийн шалтгаан нь үзэн ядалт биш соёлын түрэмгийллийг эсэргүүцэх хүсэл эрмэлзэл юм. Орон сууцны хороолол дунд исламын сүм барьсан нь улс орны соёл, өвөрмөц байдлыг зөрчсөн гэж мэдэгджээ.
Хүний эрхийн байгууллагуудын шахалтаар барилгын ажил дахин эхэлсэн боловч ард иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа тул цагдаа нарын хамгаалалт гарч барилгын ажлыг үргэлжлүүлэх болсон байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn