Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг ХЭҮК-т ажиллалаа
2023.05.12

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг ХЭҮК-т ажиллалаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос энэ сарын 04-ний өдөр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг болон ажлын хэсгийн гишүүд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж, тус хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд ХЭҮК иргэдээс өргөдөл, гомдлыг биет байдлаар болон өөрийн байгууллагын албан ёсны веб сайт, facebook цахим хуудсаар хүлээн авдаг. 2023 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 411 өргөдөл, гомдол хүлээн авсан гэдгийг танилцууллаа.

Уулзалтаар хүний эрх хамгаалагчийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар эрх зүйн үр дагавар, хэрэгжүүлэх хүний нөөц, төрийн албан хаагчдын ёс зүй, шүгэл үлээгч болон гэрч, хохирогчийг хамгаалах механизмын тогтолцоог сайжруулах, сэтгэл зүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх сүбьектыг тодорхой болгох, шүгэл үлээгчид олгох мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагааны зохицуулалт зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд ХЭҮК-ын холбогдох саналыг нэгтгэж, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгт хүргүүлэхээр тогтлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn