Б.Бат-Эрдэнэ: Тур оператор компаниудыг эхний таван жилд татвараас чөлөөлнө
2023.05.08

Б.Бат-Эрдэнэ: Тур оператор компаниудыг эхний таван жилд татвараас чөлөөлнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт баталлаа. Хуульд ямар зохицуулалтууд орсон талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Манай улсад ирсэн жуулчдын тоо цар тахлаас өмнө тогтмол өсөлттэй байсан.  2019 онд 577 262 жуулчин хүлээн авч, оны эцсийн байдлаар 607 213 369 ам доллар буюу 1.7 их наяд төгрөгийн орлогыг аялал жуулчлалын салбараас төвлөрүүлсэн нь Монгол Улсын хувьд уул уурхай болон мал аж ахуйн дараа орох томоохон салбар нь аялал жуулчлал болохыг илтгэж байна. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл аялал жуулчлалын салбар, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдэд төрөөс бодит тусламж, дэмжлэгийг үзүүлж чадаагүй байна.

Энэ удаад хуулийн нэмэлт өөрчлөлтөөр салбарынхныг дэмжсэн бодит заалтуудыг оруулж чадлаа. Тухайлбал, тур оператор, тур агентууд тусгай зөвшөөрөл авахгүйн дээр эхний таван жилд орлогын албан татвараас хөнгөлнө гэсэн заалтыг оруулсан. Ингэснээр аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болж, аялал жуулчлалын салбар тэлэхэд ач холбогдолтой гэж харж байна. 

Хуулийн онцлох заалтуудыг нэрлэвэл:

1. Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилж, тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагыг тодорхой тусгаж, тур оператор, аяллын агентын эрхлэх үйл ажиллагааны ялгаа заагийг нарийвчлан тусгасан.

2. Тодорхой газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгох зорилгоор аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын бүсийг улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс байдлаар ангилах, бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зохицуулалтыг оруулсан.

3. Нутгийн иргэдэд түшиглэсэн нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, малчид эвлэлдэн нэгдэж, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас бодлогоор дэмжлэг үзүүлэхээр заасан.

4. Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан нэр томьёоны тайлбарт нийцүүлэн боловсруулж, тодорхойлсон.

5. Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болголоо. Тухайлбал, харьяалах нутаг дэвсгэртээ жуулчин болон аялагч байрлах отоглох цэгийн хураамжийг тогтоох эрхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд,  отоглох цэгийн байршлыг тогтоох, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах эрхийг сум, дүүргийн Засаг даргад, дэвсгэртээ жуулчны мэдээллийн төв байгуулах эрхийг аймаг, Нийслэлийн Засаг даргад олгож, отоглох цэгийн менежментийг хувийн хэвшил гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хангуулах байдлаар тусгасан.

6. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох зохицуулалтыг тусгаж, хил орчмын аялал жуулчлалыг олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэхээр зохицуулсан.  

7. Ан агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль, янгир, идлэг шонхрыг агнах, тул загасыг барих, агнах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

8. Төрөөс аялал жуулчлалыг дэмжих чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулж, сангийн эх үүсвэрийг казино, бооцоот морин уралдааны татварын орлого болон олон улсын нислэгийн зорчигчоос хураан авах аялал жуулчлалын төлбөрийн орлого, агаарын навигацийн үйлчилгээнээс улсын төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хувь, жуулчинд олгох татварын буцаан олголтын тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлэх ба сангийн хөрөнгийг агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэхэд зарцуулахаар зохицуулсан. 

9 . Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 

10. Аялал жуулчлалыг мэргэжлийн холбоог байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох, жуулчны хөтчийг бүртгэх, үнэмлэх олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тус тус тусгасан. 

Хууль батлагдсанаар бид аялал жуулчлалын салбараа тэлэх боломж бүрдэж байна. Монгол улсын Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна" гэлээ.