Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг цахимд нээлтэй болгоно
2023.04.26

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг цахимд нээлтэй болгоно

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах, хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор тус аяныг эхлүүлж байгаатай холбоотойгоор дүүргийн тохижилтын ажлыг бэлэн болгох чиглэлийг өгөв.
Мөн хаврын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан барилгын хогийг нийтийн эзэмшлийн талбай, гуу, жалганд асгаж орчныг бохирдуулж байгаа тул дүүргийн хэмжээнд аян зарлаж, барилгын хог хаягдал хаяж буй компанид хариуцлага тооцож ажиллахыг Замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

Мөн

  • Газрын зөрчил арилгаж гарааш буулгасан талбайд тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулан баталж, тохижуулах ажлаа эрчимжүүлэх
  • Нөөцийн махны үнэ өндөр, мах ховор байгаа талаар иргэдээс гаргаж байгаа гомдол, хүсэлтийг анхаарч ажиллах, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, нөөцийн махны чанарт онцгой анхаарч хяналт тавьж ажиллах
  • Дүүргийн хэмжээнд орон сууцны зориулалтай барилгын 1 давхрыг өргөтгөж үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга, байгууламжид газар хөдлөлттэй холбоотой эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, цаашид арга зүйгээр хангах, зөвлөн туслах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
  • 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулах үүрэг даалгавар өглөө.