Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа
2023.04.03

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх хуваарийг баталсан. Одоогийн байдлаар гурав дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян үргэлжилж байна. Гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна фасадаа угааж, цэвэрлэх ажил өрнөж буй.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийтийн тээврийн 976 автобусны гадна, дотор угаалга, цэвэрлэгээг давхардсан тоогоор 5000 гаруй удаа хийж гүйцэтгэлээ. Мөн 427 мэдээллийн самбар, 12400 метр буюу 7934 хайс хашлага, автобусны 242 буудал зэргийг цэвэрлээд байна. Цаашлаад явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд цэвэрлэгээнээс гадна мананцартай ариутгалыг хийхээр төлөвлөсөн” хэмээв.

Тэгвэл Хот тохижилтын газрын хувьд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 185.8 км зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Үүнээс гадна 48 гудамж, 48 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаж байна. Тус байгууллагын зүгээс УБЗАА-наас зарласан “Хотоо угаая” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын голын хайс хашлага, хөшөө дурсгал, биет үсэг, хогийн сав, сандал, автобусны буудлуудыг үе шаттайгаар цэвэрлэж байгаа аж.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ахлах мэргэжилтэн Г.Оюунбат “Өнөөдрийн тухайд хөшөө дурсгал, биет үсэг зэргийг угааж, цэвэрлэж байна. Тодруулбал, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн буюу Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэг, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө, боржин чулуу бүхий зам талбай, торхтой модны торх зэргийг угаах ажил үргэлжилж байна. Зөвхөн аяны хүрээнд гэлтгүй сардаа 2-4 удаагийн давтамжтай цэвэрлэгээ хийж байгаа. Ингэхдээ зам талбай, ногоон байгууламжийн усалгаанд дахин цэвэршүүлсэн саарал усыг ашигладаг.  Мөн зам талбайн 279 үйлчлэгч өдөр тутам цэвэрлэгээ үйлчилгээ хийж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар “Хотоо угаая” аянд 8100 орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцоод байгаа бөгөөд ялангуяа сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүд идэвхтэй оролцож байгаа юм.

“Дөчийн анхдагч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Уранчимэг “Манайх хотын А бүс буюу 40 мянгатад байрладаг. УБЗАА-наас зохион байгуулж буй “Хотоо угаая” аяны хүрээнд манай СӨХ-ны зүгээс тоглоомын талбай, тохижилтын бусад байгууламжуудаа иж бүрэн цэвэрлэн ариутгаж байгаа. Мөн эвдэрсэн тоглоомуудаа янзлах, дутуу тоглоомоо нөхөх байдлаар арчилж байна. Оршин суугчдын зүгээс цэвэрлэгээний материал, ариутгалын бодис хандивлах зэргээр хамтран оролцож байгаад баяртай байна” гэлээ. 

Энэ мэтчилэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метр талбайгаа идэвхтэй цэвэрлэж байгаа бөгөөд цаашид ч орчны цэвэрлэгээгээ тогтмол хийж хэвшихийг УБЗАА-наас уриалж байна.