Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө
2023.03.30

Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас санал авсан байна. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр "Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байна. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс 30 гаруй саналыг нэгтгэж хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс гурван зүйлийг товч танилцуулъя. 

Нэгдүгээрт, Улс төрийн намуудын сонгуулийн хуулийн шинэчилсэн консепцээр явж байгаа холимог тогтолцоотой системээр оролцох боломжтой нөхцөлийг зохицуулах дээр Засгийн газрын зүгээс санал өгч байна. Энэ нь нэгдүгээрт улс төрийн намууд үүрэг хариуцлагын үүднээс мажоритор тогтолцоогоор буюу шинээр өргөн барьж буй хуулийн төслөөр 38 мажоритор тойргоос шууд сонгогдох, 38 нь пропорционал элементээр намын нэрийн жагсаалтаар сонгогдох нөхцөлөөр өргөн барьж байгаа. 

Тэгвэл эдгээр намууд нь 38 тойргийн 50 хувьд нь нэр дэвшүүлсэн тохиолдолд пропорционал элементээр жагсаалтаар суудал авах эрх нь нээгдэх зохицуулалтыг Засгийн газраас санал гаргаж байна. Энэ хүрээнд улс төрийн намын олон нийтээс авч буй дэмжлэгийг харгалзан үзээд гурван хувийн саналыг буюу босгыг тавьж өгсөн. Гурван хувийн босгыг давсан улс төрийн намууд парламентад суудалтай болох нөхцөлийг бүрдүүлж байгаараа онцлог байна. 

Хоёрдугаарт, Сонгуульд улс төрийн намууд нэгдэж, эвсэл болж орох тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд босгыг хувь хэмжээг таван хувьтайгаар тавьж байна. Гурав болон түүнээс дээш нам нэгдэн эсвэл болж сонгуульд орох тохиолдолд босгыг долоон хувьтай байхаар зохицуулах саналын Засгийн газраас өглөө. 

Гуравдугаарт, Эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх гарц боломж нь сонгуулийн хуулиар бий болдог. Өмнөх сонгуулиудад  оролцож байсан эмэгтэйчүүдийн босго хувийг 20-25 хувиар тавьсан байдаг. 

Энэ удаагийн хуулийн төсөл дээр 30 хувийн босготой байхаар зохицуулалтыг Засгийн газар дэмжиж байна. Гэхдээ 38 нь пропорционал элементээр нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл дээр гурван эрэгтэйг харьцах нь нэг эмэгтэй байхаар зохицуулалт хийсэн. Үүнийг Засгийн газраас 19 нь эмэгтэй 19 эрэгтэй байхаар зохицуулах саналыг оруулж байна" хэмээн ярилаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn