2023.03.20

"Улс төрийн намуудын санхүүжилт ил биш тул авлигын шинжтэй эх үүсвэрээс санхүүжих боломжтой"

"Монголын улс төрийн тогтолцоо" хэлэлцүүлэг өнөөдөр болов.

Тус хэлэлцүүлгээр сонгуулийн тогтолцоо ба намын санхүүжилт Монгол Улсад тохирох боломжит хувилбарын талаар, ХБНГУ-ын сонгуулийн тогтолцооны туршлагыг хуваалцлаа.

Сонгуулийн аль нэг тогтолцоо, ямар нэг улсад тохирох боломжгүй. Учир нь тогтолцоо бүр давуу, сул талтай. Иймээс улс бүр өөрийн онцлогт тохирсон, нийгэм, улс төрийн асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болохуйц тогтолцоог боловсруулж хэрэглэдэг аж.

Тэрээр Герман улс нь холимог, хувь тэнцүүлэх тогтолцоотой. Энэ нь парламентын суудлын нэг хэсгийг нэг мандаттай тойргоос, үлдсэнийг нь намын жагсаалтаар санал хураан хуваарилдаг. Сонгогч зөвхөн нэр дэвшигчид эсвэл нэр дэвшигч, намын аль алинд нь санал өгөх боломжтой.

Тус улсын намууд хөрөнгө санхүү, түүний эх үүсвэрээ нийтэд тайлагнах ёстой гэж заасан байдаг. Мөн улсын төсвөөс санхүүжилт олгохдоо намуудын  сонгуульд оролцсон байдал, гишүүдийн хувь нэмэр, хандивын нийт хэмжээг харгалздаг байна.

МОНГОЛЫН УЛС ТӨРД НАМААР ДАМЖИЖ АЛБАН ТУШААЛ ГОРИЛОХ, ӨӨРТӨӨ ДАВУУ БАЙДАЛ ОЛЖ АВАХ  БУРУУ ЖИШИГ ТОГТСОН

Улсын Их Хурлын гишүүн Ц. Мөнхцэцэг “Манай улсын улс төрийн тогтолцоо нь Европын орнуудын загвартай ижил учраас нам, сонгуулийн шинэчлэлд уг орнуудын загвараас судалж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн намын тогтолцоо бараг шинэчлэгдээгүй. Тэр дундаа манай улс парламентын засаглалтай учир намын нөлөө маш их байдаг. Гэвч иргэдийн намд итгэх итгэл суларсан мөн улс төрийн намууд авлигын эх үүсвэр болчихсон. Монголын улс төрд намаар дамжиж албан тушаал горилох, өөртөө давуу байдал олж авах буруу жишиг тогтсон. Үүнийг бид өөрчлөх ёстой.

skip-share

Иргэдийн намд итгэх итгэл суларсан мөн улс төрийн намууд авлигын эх үүсвэр болчихсон

Монголын намын орчныг авлигагүй болгохын тулд улс төрийн тогтолцоог өөрчлөх, сонгуулийн хөрөнгө, мөнгөний нөлөөг багасгах шаардлагатай. Өнөөдрийн хурлаар манай улсын сонгуулийн тогтолцоо ардчилалд хэрхэн ээлтэй байж болох вэ, хоёр их гүрний дунд оршдог улсын хувьд аюулгүй байдал, ардчиллаа бэхжүүлэхэд сонгуулийн маш сайн систем, намын тогтолцоог төлөвшүүлэх ёстой. Энэ чиглэлээр бодлогын шийдлийг хайж уг хуралд оролцлоо. Манай улсын үндэсний аюулгүй байдлын гол үзүүлэлтийн хувьд хамгийн тохиромжтой тогтолцоо бол парламентын засаглал юм. Мөн улс төрийн намуудын санхүүжилт ил тод биш учир авлигын шинжтэй эх үүсвэрээс санхүүжих боломжтой. Иймд санхүүжилт, тайлангаа ил тод зарлах шаардлагатай” гэв.

Монгол улсын их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн профессор Д.Бумдарь “Улс төр судлаачийн хувьд улс төрийн бие даасан санхүүжилттэй байх ёстой гэж боддог. Намын санхүүжилтийг ил тод байдлыг биелүүлдэг байх соёлыг тогтоох нэг бүлэг хууль хаврын чуулганд хэлэлцэх байх гэсэн төсөөлөлттэй байна. Улс төрийн санхүүжилт гэдгийг иргэд сонгуулийн үеийн санхүүжилт гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь тухайн намын өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулж буй бүх төрлийн мөнгөний урсгалыг хэлнэ. Монголд улс төрийн тогтолцоог сайжруулснаар улс төрчдийн 90 хувь нь бизнесийн салбартай холбоотой байдал мөн хээл хахууль гэх асуудлаас тодорхой хэмжээнд ангижирна. Сонгуулийн дараа хүчинтэй саналыг 1000 төгрөг, жил болгон УИХ гишүүний суудал гэж 10 сая төгрөгийг тооцож өгдөг. Хэрвээ төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, улс төрийн намын төлөвшлийг дээшлүүлье гэвэл сонгуулийн тогтолцоотой уяхаас өөр аргагүй.” гэлээ.

Ханнс Зайделийн сангийн тэргүүн Феликс Гленк “ХБНГУ-ын улс төрийн тогтолцооны талаар харилцан туршлага солилцож байна. Манай улсын хувьд холимог парламентын тогтолцоотой. Германд улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэхээс гадна хувийн хандивыг зөвшөөрдөг. Нам төлөөллийн ардчиллын гол институт, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжигч байгууллага тул улс төрийн намд хандив өгөх нь хувь хүмүүсийн нийгэмдээ хувь нэмэр оруулж буй хэрэг гэсэн зарчим баримталдаг. Өнөөдрийн хурлаар Герман улсын улс төрийн тогтолцоо, бусад орны сонгуулийн тогтолцоо ямар байна вэ гэх туршлагыг хуваалцахыг зорилоо” гэв.  

Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын эрх баригч намын төлөөлөгчид, ХБНГУ-ын улс төр судлаачид цахимаар оролцлоо.