Боловсролын салбарт ажиллагсдын санал хүсэлтийг салбарын сайдад уламжилна
2023.03.02

Боловсролын салбарт ажиллагсдын санал хүсэлтийг салбарын сайдад уламжилна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэгийн хамт Политехник коллежийн болон Хэрлэн сумын ЕБС-иудын захирлуудтай уулзлаа.

Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, сургуулийн төсөв, боловсролын багц хууль хэлэлцэгдэж буйтай холбоотой өмнө нь уулзах хүсэлт ирүүлээд байсан юм.

Уулзалтаар БШУЯ-наас нэвтрүүлж буй цахим платформ, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “Цахим дэлгүүр”-ийн талаар, зарим санхүүжилт өмнөх жилүүдээс танагдаж батлагдсан гэх мэт сургуулийн орчинд тулгамдсан хэд хэдэн асуудлаар захирлууд санал хүсэлтээ уламжлав.

Тодруулбал, Боловсролын мэдээллийн систем ЕSIS зэрэг цахим платформыг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглахтай холбоотой олгогддог санхүүжилт ирээгүй, Худалдан авалтыг зөвхөн Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “Цахим дэлгүүр”-ээс авах цэнзур тавьсан.

Гэтэл цахим дэлгүүрт сургуулийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тавилга, эд хогшил, цахим самбар, тоног төхөөрөмжүүд байхгүй. Цөөн нэр төрлийн өртөг өндөртэй, хэрэглээнд хуучирсан загвартай бүтээгдэхүүн байгаа нь “хүндрэл” учруулж, сонголтгүй "шахаа" хийхтэй адил байна гэв. Үүнчлэн дотуур байрны хоолны зардал, багш нарын илүү цаг, амралтын санхүүжилт танагдсан учраас багш нар БНСУ-руу ажиллах чөлөө авах нь нэмэгдэж байна, цаашдаа хүний нөөцийн асуудал тулгамдаж сургуульд өр үүсэж магадгүйг учирлав.

Иймээс захирлуудтай хийсэн уулзалт, аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нараас ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн салбарын сайдад уламжилж, 2023 оны хаврын чуулганаар дэвшүүлэхээр боллоо.