Х.Болорчулуун: Хүнс, хөдөө аж ахуйн баялаг бүтээгчид 5 хувийн хүүтэй зээлээр хангагдана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй ажлуудын талаар салбарын сайдаас тодрууллаа.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун энэ тухайд, “Санхүүжилтийг нь шийдвэрлээгүй тунхагийн шинжтэй тогтоол шийдвэрүүд өмнө нь гарч байсан. УИХ-ын 36 дугаар тогтоолыг санхүүжилттэй нь хамтатган шийдвэрлэснээрээ онцлог. Хүнсийг дотооддоо үйлдвэрлэх, гаднын хараат бус байх эл бодлогыг 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Тус тогтоолоор 1.7 их наяд төгрөгийг ирэх таван жилд манай салбарт зарцуулахаар тогтсон. Энэ онд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийг зээл авахад нь зориулж 135.5 тэрбум төгрөгийг хүүгийн татаасанд олгоно. Энэ хүрээнд 1 их наядын төгрөгийн зээл олгох боломжтой.
Жишээлбэл, банк 18 хувийн хүүтэй зээл олгодог бол 13 хувийг нь төр дааж, баялаг бүтээгчид 5 хувийн хүүтэй зээлээр хангагдана гэсэн үг. Өмнө нь манай үйлдвэрлэгчид өндөр хүүтэй зээлийн дарамтад ороод, үйлдвэрлэлээ өргөжүүлж чадахгүйд хүрдэг байсан. Үүний зэрэгцээ Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтарч 50 гаруй нэр төрлийн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ойрын жилүүдэд импортын татварыг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Мөн мал сүргийг эрүүлжүүлэх нь нэн тэргүүний ажил болоод буй. Өнөөдөр мал сүргийн тоо 70 саяд хүрээд байгаа ч даацтайгаар экспортод гаргаж чадахгүй байна. Иймд олон улсын жишгээр эрүүл бүс байгуулна. Үүнийг баруун гурван аймаг, хойд хоёр аймаг, Төв аймаг болон боомт бүхий газруудад байгуулахаар ажиллаж байна. Эрүүл бүстэй болсон тухайгаа бид биш Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага зарлана. Тус байгууллага тухайн улсыг эрүүл бүстэй болсныг импортлогч улс орнуудад зарладаг. Тиймээс баталгаажсан махыг зах зээлд нийлүүлэх сүлжээг ойрын 2-3 жилд ажил хэрэг болгоно.
Малаа эрүүлжүүлэхийн тулд 36 дугаар тогтоолын хүрээнд 4.5 жилийн хугацаанд 144 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Зөвхөн энэ онд гэхэд 41 тэрбум төгрөгийг малын эм тарилга, вакцинд зарцуулахаар төлөвлөсөн” гэлээ.