Монгол, Солонгосын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл хотод өнөөдөр болсон Монгол, Солонгосын бизнес форумд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Монгол, Солонгосын бизнес форумыг Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын талаас 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч, Солонгосын талаас төр, хувийн хэвшлийн 110 байгууллагаас оролцлоо. Энэ үеэр хоёр тал бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гарч буй саад бэрхшээлийн талаар илэн далангүй санал солилцож, эдийн засгийн харилцаа, түүний дотор уул уурхай, аялал жуулчлал, банк санхүү, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Монгол Улсын Геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа”, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монголын бизнесийн орчин”, Солонгосын олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгээс “Монгол-Солонгосын Эдийн засгийн хамтын ажиллагааны өнгөрсөн 33 жилийн ололт, амжилт ба Түншлэлийн хэтийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас Солонгос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Ким Ёнг Хүн, БНСУ-ын Худалдаа, үйлдвэр эрчим хүчний яамны дэд сайд Жонг Дэ Жин нар үг хэлэв. Монгол Улсын хувийн хэвшил хоорондын харилцаа шинэ шатанд гарахад дэмжлэг үзүүлэхийг онцлоод, Монголын газрын ховор элемент тэр дундаа зэс, жонш олборлох, боловсруулах чиглэлд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Монгол, Солонгосын бизнес форум зохион байгуулсан нь Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар Солонгосын хувийн хэвшлийн төлөөлөлд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.