БНСУ-д зорчих Монгол иргэдийн визний асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв
2023.01.30

БНСУ-д зорчих Монгол иргэдийн визний асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү-тэй УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд даргын хувиар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Солонгос хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлж хөгжүүлэх, орчин үеийн ухаалаг Смарт фермийн үйл ажиллагааг дэлгэрүүлэх, биотехнологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн тухай санал солилцов.

Элчин сайд Ким Жун Гү Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй 2023 оны 1-р сарын 20-ны өдөр уулзахдаа БНСУ Монгол Улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд идэвхийлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Сэлэнгэ аймаг нь хөдөө аж ахуй газар тариалангийн чиглэлээр цаашид илүү өргөн хүрээнд хөгжих боломжтой талаар хөндөж, уг салбарт ажиллах боловсон хүчний нөөц бололцоог нэмэгдүүлж чадавхижуулах, хөгжингүй орнуудын туршлага судалж дадлагажуулж мэргэшүүлэх зорилгоор БНСУ-д зорчих Монгол иргэний визний хөнгөлөлттэй нөхцөл, визгүй зорчих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, хүчин чармайлт гаргаж ажиллахыг Ким Жун Гү Элчин сайдаас хүслээ.

Ким Жун Гү Элчин сайд нь шинээр томилогдон ирээд 1 сар орчмын хугацаа өнгөрч байгаа боловч өмнө нь ардчилсан тогтолцоонд анх шилжих үеэс Монгол улсын тухай мэддэг, албан болон хувийн шугамаар олон удаа зорчиж байсан бөгөөд монголчууд адилхан хөх толботой байдагт элгэмсэг дотно санагддаг тухайгаа мөн дурдав.