Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болжээ
2023.01.16

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн нийт 26 албан хаагч УБЕГ-ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Төрийн захиргааны албан хаагчдыг тангараг өргүүлэх тухай” Б/64 дүгээр тушаалаар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагааг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө шинэ үндсэн хуулиа баталсан түүхт өдөр Төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа та бүхэнд баяр хүргэе. УБЕГ нь бүтэц тогтолцооны хувьд нэгдсэн тогтолцоо, нэгдмэл удирдлагатай, иргэнээс эхлээд хуулийн этгээдийн бүртгэлийг явуулдаг томоохон байгууллага юм.

Тиймээс өнөөдөр та бүхэн хувь хүнийхээ хувьд болон түүхт Монгол улсын хувьд ч тэр Тангараг гэдэг онцгой чухал үгний эзэд болж байна. Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахих нь та бүхний нэн тэргүүний үүрэг юм. Мөн та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай. Учир нь бид иргэн төвтэй байгууллагад ажиллаж байна. Иргэн байгаа учраас нийгэм байна. Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд мэргэжлийн ёс зүйтэй байж байгууллагын соёлыг өргөж ажиллахыг сануулъя. Эцэст нь та бүхэн иргэний төлөө ажиллаж байгаагаа ямагт санаж яваарай.” гэлээ.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолд УБЕГ-ын болон Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нар оролцсон байна.

Тангараг өргөх ёслолыг хааж УБЕГ-ын Тамгын газрын дарга Г.Цолмон “Төрийн жинхэнэ албан хаагчийн нэр төрийг өргөж, ёс зүйн хэм хэмжээг өндөрт өргөж яваарай. Өнөөдрөөс та бүхэн Төрийн жинхэнэ албан хаагч боллоо” гэж хэлэн, тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагчдад баяр хүргэснээр үйл ажиллагаа өндөрлөв.