Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт агаарын зам дамжин өнгөрч байна
2023.01.11

Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт агаарын зам дамжин өнгөрч байна

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2023.01.10) “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөлд:

АНУ-ын Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц” 1947 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, Монгол Улс тус конвенцод 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн улс болсноор тус байгууллагын бодлого, чиглэлийн дагуу олон улсын стандарт, шаардлагад нийцсэн иргэний нисэхийн тогтолцоо бүрдүүлэх, салбарыг хөгжүүлэх, дэлхийн агаарын харилцаанд бусад гишүүн улс орны адил эрх тэгш оролцох боломж бүрдсэн.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 206 дугаар хуралдааны үеэр Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд заасан Агаарын навигацийн комиссын гишүүний тоо 19 байгааг 23 болгон нэмэгдүүлж, конвенцод өөрчлөлт оруулах тухай саналыг Боливи, Буркино Фасо, Камерун, Чили, Доминикан, Египет, Энэтхэг, Кени, Ливи, Никарагуа, Нигери, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Танзани, Венесуэл зэрэг улс дэвшүүлснийг Канад Улсын Монреаль хотноо 2016 онд зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 39 дэх Ассамблейн чуулганаар хэлэлцэн тус конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах Протоколоор Агаарын навигацийн комиссын гишүүдийн тоог 21 болгон нэмэгдүүлсэн.

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд “Агаарын навигацийн комисс Хэлэлцэн тохирогч улсуудаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн дотроос Зөвлөл томилсон 19 гишүүнээс бүрдэнэ. Эдгээр хүмүүс нь агаарын тээврийн салбарын шинжлэх ухаан, практик ажлын зохих туршлага, мэргэшилтэй байна. Зөвлөл хэлэлцэн тохиролцогч улсуудад нэр дэвшүүлэх хүсэлт тавина. Агаарын навигацийн комиссын даргыг Зөвлөл томилно” гэж заасан.

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 57 дугаар зүйлд зааснаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын навигацийн комисс нь дараах үүрэгтэй:

-Конвенцын Хавсралттай холбоотой асуудлыг хэлэлцэх, Зөвлөлөөр батлуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах;

-Техникийн дэд комиссуудыг байгуулах;

-Агаарын навигацийн дэвшилд шаардлагатай бөгөөд тустай гэж үзсэн мэдээг цуглуулах, Хэлэлцэн тохирогч улсуудад хүргүүлэх талаар Зөвлөлд мэдэгдэх.

Дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч орнууд болох ОХУ, БНХАУ-ын дунд байрлалтай манай улсын нутаг дэвсгэр дээгүүр Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт агаарын зам дамжин өнгөрч байна.

Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр нь гуравдагч оронтой богино хугацаанд шууд холбогдох онц чухал ач холбогдолтой салбар бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор бүс нутгийн агаарын навигацийн гол түшиц орон зай болох, олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулах, агаарын тээвэр өргөжин хөгжихөд ач холбогдолтой аж.