Утааны улмаас Улаанбаатарын хүүхдүүдийн өсөлт хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж
2010.01.12

Утааны улмаас Улаанбаатарын хүүхдүүдийн өсөлт хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж

Ийм хотод амьдарч байгаа иргэд яаж ч бодсон эрүүл байна гэдэг боломжгүй зүйл.

Агаар бохирдсоны улмаас хүн ам ихэвчлэн амьсгалын замын өвчнөөр голлон өвчилдөг бөгөөд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг байна. Хүрээлэн байгаа орчны бохирдол нь өвчлөлийг нэмэгдүүлж, бага насны хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй биеийн дархлааг бууруулдаг аж. Олон улсын хэмжээнд ч ялгаагүй агаар бохирдуулагч бодис нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, наслалт, амьдралын чанарт нөлөөлж байдгийг тогтоосон байна.

Эрүүл мэндийн яамны хийсэн судалгаагаар манай улсад жилд дунджаар 90.7 мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бөгөөд тэдний эмчилгээнд 4.8 тэрбум төгрөг ойролцоогоор зарцуулжээ. Улаанбаатар хотод амьсгалын замын өвчний 40.2 хувь нь тохиолдож байгаа аж. Энэ өвчнөөр өвдсөн 36.4 мянган хүнийг эмчлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Эрүүл мэндийн яамныхны хэлж буйгаар ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 2015 онд агаарын бохирдлын улмаас 42 орчим мянган хүн өвчилж, 5 шахам тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа аж.

Улаанбаатар хотын агаарт тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл маш их тул хүүхдүүд гуурсан хоолойн цочмог архаг үрэвсэл, уушигны үрэвслээр нэлээд өвддөг. Ялангуяа хотын хүүхдүүд хөдөө, орон нутгийн хүүхдийг бодвол энэ өвчнөөр 5-15 дахин илүү өвдөж, 7-8 дахин илүү эмнэлэгт ханддаг байна. Уушиг нь өвддөг хүмүүсийн өвчин өвөл, хавар ихэвчлэн сэдэрдэг байна. Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар агаарын бохирдлоос болж өвдсөнөөс үүдэн хүүхдүүдийн өсөлт хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж, өндөр, жин нь нэмэгдэн, цээжний тойргийн хэмжээ багассан байна.

Мөн сүүлийн үед өргөн тархаад буй нялх хүүхдийн эндэгдлийн шалтгааны дийлэнхийг ч агаарын бохирдолттой холбон үзэж буй аж. Үүнд төрөлхийн гаж хөгжлийг мөн нэрлэж байв. Тухайлбал, 2005-2008 оны байдлаар нийслэл хотод төрөлхийн гаж хөгжлийн тархалт 1000 амьд төрөлтөд 3.78 болж өссөн үзүүлэлт гарчээ. Хүүхдийн төрөлхийн гаж хөгжлийн хувьд зүрх судас, хоол боловсруулах, төв мэдрэлийн тогтолцооны төрөлхийн гажиг илүүтэй байгаа гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.