2022.12.02

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Дагаж орж ирсэн Зөрчлийн хуулийн 8 дахь заалтыг тодруулж өгнө үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Хэнтий аймаг түүхэн аялал, жуулчлалын бүс болох Монгол улсын Засгийн газрын шийдвэр гарч хэрэгжээд явж байгаа. Дэлхий даяар тархан суурьшсан 10 сая гаруй Монголчууд бүгд эх орондоо ирэх, аялах сонирхолтой байдаг. Гэтэл Монгол улсад ирэхэд тийз, визний асуудал хэцүү байдаг гэж олон жилийн өмнө хэлж байсан. Тиймээс өнөөдрийн орж ирж буй хууль Монгол улсын аялал, жуулчлалыг татахад эрх зүй, эдийн засгийн том саадыг арилгасан хууль болох ёстой.

УИХ-аар хэлэлцэх цагаас эхлээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдээс маш их санал ирж байна. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оператор компаниуд, хувь хүнээс холбогдох эл хуульд ямар санал асуусан гэдгийг тодруулсан. Яамны зүгээс салбарын байгууллагуудтай уялдаа, холбоотой ажилласан гэж дүгнэж байна.

Гэхдээ амьдралгүй зүйл заалтууд байна. Ялангуяа зөрчлийн хуулийн 8 дахь заалт ямар учиртай вэ. Энэ хуульд амьдралаас хол зүйл орсон байна гэдгийг Хэнтий аймгийн иргэн хэлсэн. Дагалдах хуульд буй зөрчлийн хуульд 2 зүйл 8 заалт бий. Эдгээрээс 8 дахь заалт буюу улсын болон орон нутгийн аялал, жуулчлалын хээрийн отоглох цэгийн байршлаас бусад газарт жуулчин, аялагч отоглосон бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байна. Энэ ямар учиртай зүйл, заалт вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.