“Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Хууль зүйн сургуулий гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) Ц.Сарантуяа “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хянах эсэх асуудал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн доктор (Ph.D.) Х.Сэлэнгэ “Үндсэн хуулийн хяналтын объектыг сайжруулах арга зам”, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “Үндсэн эрхийн маргаан: олон улсын сайн туршлага ба Монгол”, “Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Алтангэрэл “Үндсэн эрхийн маргаан шийдвэрлэх нь: ХБНГУ-ын туршлага”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь”, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Хууль зүйн газрын дарга Н.Болортунгалаг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал (эрх зүйн зохицуулалтын хүрээнд)”, Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны дарга, доктор В. Удвал “Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл санаа, зарчмыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэг хийлээ.
Монгол Улс 1992 онд нийгэм, улс төрийн шинэ тогтолцоонд шилжиж ирээдүйг харсан, хүрэхийг хүсэмжилсэн зорилтоо Үндсэн хуульдаа тунхаглаж, ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотой нийгмийн харилцааны суурь хуулиудыг шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэхийн сацуу нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тусган батлах шаардлага үүссэн билээ. Энэхүү хууль зүйн болон практик шаардлагын хүрээнд 1992 оны 5 сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анхлан шинэчлэн баталсан хэдий ч бусад салбар эрх зүйтэй харьцуулахад Үндсэн хуулийн хяналтын асуудлаар эрх зүйн дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд анх 23 зүйлтэй хуулийг баталсан.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж өнөөдрийн байдлаар 12 зүйл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 36 зүйлтэй хуулийг 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталж өнгөрсөн хугацаанд 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Үндсэн хууль нь улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын үндсийг тодорхойлох төдийгүй, түүнд аливаа хууль, зарлиг, шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байхыг шаарддагаараа дээд хүчин чадалтай хууль юм. Үүнээс гадна Үндсэн хуулийг дээд хүчин чадалтай байлгах нэг гол шинж, нөгөө талаас хөшүүрэг нь Үндсэн хуулийн хяналт юм.
Үндсэн хуулийн хяналт нь эрх зүйн болон улс төрийн агуулгатай гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Хяналтад байгаа субъектүүд, хяналтад хамаарах шийдвэр болон үүсэх маргааны агуулга нь зөвхөн эрх зүйн төдийгүй зарим тохиолдолд улс төрийн үр дагавар үүсгэдэг. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн Цэц “улстөржсөн шийдвэр” гаргахыг дэмжиж байгаа хэрэг огт биш бөгөөд тэд харин ч улс төрийн хувьд мэдрэг биш байр суурь баримтлах ёстойг илэрхийлж байгаа юм.
Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” -д Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү эрдэм шинжилгээний хурал ч үүнтэй холбоотой зохион байгуулагдаж байна.
Монгол Улсад Үндсэн хуулийн хяналтын одоогийн тогтолцоо үүсээд 30 жил болсон бөгөөд энэхүү туршлага, бусад орны Үндсэн хуулийн хяналтын хөгжлийн чиг хандлагыг харгалзан Монгол Улс дахь Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох асуудлыг дэвшүүлэн ярих нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үйлсэд чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү “Энэ эрдэм шинжилгээний хурал нь Үндсэн хуулийн хяналтын хөгжлийн цаашдын чиг хандлага-өөрчлөлтийг зөв тодорхойлох, тал талын төлөөлөл харилцан байр сууриа ойлголцох, нэгдсэн ойлголтод хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn