Бүх насаар хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын нөхцөл байдалд шалгалт хийлээ
2022.10.21

Бүх насаар хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын нөхцөл байдалд шалгалт хийлээ

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих анги, тусгай нэгжид хоригдож буй бүх насаар хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг халж бүх насаар хорих ялыг хэрэглэж эхэлсэн.

Бүх насаар хорих ялаар шийтгүүлсэн этгээд 25 жил хоригдсоны дараа ялтны хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг дахин шийдэхээр зохицуулсан. Шинэ тутам хэрэгжиж буй уг ялын үр нөлөө бодит хөрсөнд хэрхэн хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, тус ангид хоригдож буй хоригдлуудын ял эдэлж буй ахуй нөхцөл хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн, хүнлэг, энэрэнгүй байх зарчим, хүний наад захын хэрэгцээ шаардлагыг хангасан эсэхэд нэгдсэн дүгнэлт хийж ажиллалаа.

Шалгалтын бүрэлдэхүүн тус ангид ял эдлэж буй 2 хоригдлоос Комисст хандаж гаргасан гомдлын мөрөөр гомдол гаргагч нартай биечлэн уулзаж тайлбар, тодруулга авахын зэрэгцээ нийт хоригдлуудаас санал асуулга авч, ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, хоригдлууд өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрхэн эдлэх, Комисст хандаж хэрхэн гомдол гаргах боломжтой талаар мэдээлэл хийсэн байна.

Түүнчлэн хаалттай тусгай дэглэмтэй хорих ангиас прокурорын тогтоолоор зэрэглэл дээшилж ирсэн хоригдлуудын эрх зүйн байдалд дүн шинжилгээ хийж холбогдох саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Мөн Улаанбаатар хотоос алслагдсан тус ангид алба хааж буй алба хаагчдын хөдөлмөрлөх нөхцөл байдал, цалин хөлс, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, шаардлагатай баримт материалтай танилцлаа.

Хяналт шалгалтын дүнг эцэслэж хүний эрхийн зөрчлийг арилгуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллах юм.