Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
Өнөөдөр үдээс өмнө Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцлээ. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч “гишүүний тэрбум”-ыг эсэргүүцэн, ирэх оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Байнгын хороон дээр Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав гишүүдэд хандан тайлбар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултанд хариуллаа.
Олонхийн гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж байсан бол УИХ-ын гишүүн З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Энхбат нар ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, гишүүн Д.Энхбат бүүр өөрийн тэрбум төгрөгөөсөө татгалзаж буйгаа мэдэгдлээ.
Д.Тэрбишдагва, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Х.Жекей зэрэг гишүүд УИХ-ын гишүүний гээд байгаа энэ мөнгө бол гишүүний халаасанд шууд ордог мөнгө биш, харин тойрогтоо хөрнгө оруулалт хийж байгаа асуудал, хэзээ ч төсөвт сургууль барих, худаг гаргах, эмнэлэг барих гээд "жижиг" асуудлууд суудаггүй, энэ асуудлыг шийдэх зориулалттай мөнгө гэдгийг тайлбарлацгааж байлаа.
Тухайлбал Ж.Энхбаяр “Ард түмэнд хамгийн ойрхон тулж ажилладаг хүмүүс бол УИХ-ын гишүүд, өөр ямар сайд дарга, төрийн байгууллага ингэж тулж ажиллаж байгаа юм бэ. Тиймээс гишүүд тойргийнхоо асуудлыг хамгийн их мэддэг” гэсэн бол Х.Жекей гишүүн “ манайхан гишүүний мөнгө гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй. Гишүүний мөнгө гэж ямар мөнгө байхгүй. Зарим гишүүд үүнийг буруу ойлгоод байна. энэ мөнгө бол тойргийн хөрөнгө оруулалтад зориулсан мөнгө” гэж байлаа.
Үүнээс гадна зарим гишүүд Ерөнхийлөгчийн илүү том бодлогын асуудал ярих хэрэгтэй, улстөр хийж ийм жижиг асуудлаар хөөцөлдөх хэрэггүй хэмээн үзэж байлаа.
Тухайлбал Д.Тэрбишдагва гишүүн “Ингэж төсөвт бүхэлд нь хориг тавиад, хоригийг хүлээн авлаа гэхэд, дахин зүйл заалтаар нь хэлэлцэх болно. Энэ ондоо багтаж төсөв чинь батлагдах юмуу?, ингэж хориг тависнаас олон ажил зогсож, улс ороны эрх ашгийг хөндөгдөж байна. Ц.Элбэгдорж гэж ер нь ямар ерөнхийлөгч гарах гээд байна. популист, ард түмнээрээ тоглосон ерөнхийлөгч гарч ирж байна. өнгөрсөн онд өөрөө Ерөнхийлөгч байхдаа 500 сая төгрөгөө хөгийн хөгийн зүйлд тавьсан байна лээ. Тухайлбал 4 худаг, цэцэрлэгт хүрээлэн, халуун ус гээд хөгийн юман дээр тавьсан байна лээ. Өөрөө тойрогтойгоо тулж ажиллаж үзээгүй хүн тойргийн иргэдийн зовлонг яаж мэдэх бэ” гэлээ. Мөн Тэрбишдагва гишүүн Ерөнхийлөгчийг хэтэрхий их хавтгайруулан одон медаль олгож байгаа шүүмжилж, өөрийн тооцоо хийж үзсэнээ ч хэлээд авлаа. Түүний тооцоогоор Ерөнхийлөгч 692 хүн Алтангадас, 112 хүн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон байгаа ажээ.
Мөн хуралдааны үеэр гишүүд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ асуудал хойтон ч дахиад үүснэ. Тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэж байлаа. Ерөнхийлөгчийг ч мөн энэ асуудалд анхаарлаа хандуулж, “жижиг” асуудал хөөцөлдөөд байхын үндсэн хууль өөрчлөлт оруулж, энэ асуудлыг үндсээр нь таслах хэрэгтэй хэмээх гишүүд байсан юм.
Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн 84,6 хувь нь хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн юм.