Ц.Элбэгдорж: Ардчилсан нийгэм бол сүүдрээ нуудаггүй. Алдаа дутагдал бүхэн ил байдаг. Тиймдээ ч илааршдаг.
Монгол Улсын Их Хурлаас "Монгол Улсын 2010 оны төсвийн тухай" хуулийг баталж, 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баасан гаригт ирүүлснийг судалж үзлээ.
Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийг батлахдаа Улсын Их Хурлын гишүүний сонгогдсон тойрог тус бүрт нэг тэрбум төгрөгийг зарцуулахаар тохиролцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байна.
Төсвийг хэлэлцүүлэхдээ гаргасан УИХ-ын энэ ил тод "алдаа" нь төрийн байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналттай хэрэгжих Үндсэн хуулийн тулгуур зарчимтай харшилдаж байгаа юм.
Гишүүн бүрийн саналаар сонгогдсон тойрогтоо хөрөнгө оруулалт хийх нэрийн дор тусгагдсан мөнгөн дүн ижил, мөн захиран зарцуулалт нь өмнөх жилүүдэд ч эрхэм гишүүдийн санал хүслийн дагуу хийгдэж ирсэн, энэ удаагийн шийдсэн байдал нь ч, жишиг нь ч урьдын адил хэвээр байгаа нь илэрхий байна.Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын дээд түвшинд тогтож хэвшсэн дээрхи буруу хандлага, уршигтай үр дагаварыг 2010 оны Улсын төвлөрсөн төсвийг батлахдаа гаргаж болохгүй, таслан зогсоох ёстой гэдгийг би УИХ-ын нэгдсэн чуулганд төсвийн хэлэлцүүлгийн эхэнд хоёргүй утгатай илэрхийлсэн.
Гэтэл өмнөх жилүүдийн зохисгүй хэвшлийг арай өөр хэлбэрт шилжүүлж, тухайлбал хөрөнгийг тараан байрлуулж, өнгөлөн далдалж УИХ-ын түвшинд санаатайгаар дахин давтсанд харамсаж байна. УИХ-ын энэхүү шийдвэр нь Монгол оронд ус агаар мэт хэрэгтэй байгаа ардчилал, шударга ёс, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэхэд тус болохгүй, төрийн нэр хүндэд ч сайнаар нөлөөлөхгүй буруу үлгэр дууриал болох юм.
Ардчилсан нийгэм бол сүүдрээ нуудаггүй. Алдаа дутагдал бүхэн ил байдаг. Тиймдээ ч илааршдаг. Харин алдсан алдаагаа засаж, давтахгүйг хичээх ёстой. Улс, орон нутагт төсөв хэрэгтэй. Олон олон хүлээгдэж байгаа ажлууд, шийдлүүд энэ төсвийн цаана байгааг би сайн ойлгож байна. Гэхдээ хууль, шударга ёсыг зөрчсөн аливаа хандлагатай, ялангуяа дээд түвшиндээ эвлэрэхгүй байх нь бүр ч чухал. Энэ жил төсвийн хуулиар ийм хариуцлагагүй байдлыг бүрэн засаж залруулах нь хойтон жил түүнийг дахин давтахгүй байхын баталгаа болно гэж үзэж байна.
Асуудалд нэгдсэн, зарчмын ойлголтгой болохын тулд миний бие "Гишүүний мөнгө" гэгдэх зүйлийн талаар УИХ-аас болон Засгийн газраас албан ёсны тайлбар хүсэж, бичгээр хариу авлаа. Гэвч уг бичгүүдэд дээрхи муу жишгийг таслан зогсоож чадсан тухай тодорхой үндэслэл, итгэл үнэмшил болохоор хариулт алга байна. Төсөв батлахдаа миний өгсөн албан ёсны анхааруулгыг агуулгын хувьд хөсөрдүүлж харин хэлбэрийн хувьд төсвийн нийт хөрөнгө оруулалтын зүйл заалтад шингээн нүд хуурсан нь Ерөнхийлөгчийн хувьд шийдвэрээ доорхи байдлаар гаргах руу түлхлээ.
Мөн эрх зүйн талаас нь харвал УИХ Монгол Улсын 2010 оны төсвийг хэлэлцэж батлахдаа:
- Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Засгийн газар улсын төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хурал, Засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын төсвийн орлого, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээний санхүүжилт, бусад санхүүжилтийг хэлэлцэж батлах тухай "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 6 дутаар зүйлийн 6.1.1 дэх заалт,
- Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална" гэсэн Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
- Төсвийн ерөнхийлөн захирагч нь эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээг тодорхойлох тухай "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалт,
- Зураг, төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахыг хориглосон "Барилгын тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж болохоор байна.
Эдгээр байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд харшилж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг баримтлан "Монгол Улсын 2010 оны төсвийн тухай" хуульд бүхэлд нь хориг тавьж байна.
Хоригийг Улсын Их Хурал богино хугацаанд хэлэлцэж, Үндсэн хууль болон бусад хуульд бүрнээ нийцсэн шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ