2022.10.20
Н.Энхболд: Монгол улсын онцлогийг харгалзан, хэрэгжих боломжтойгоор хууль гаргах нь чухал
УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.20/-ны өдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжинэ. Гэхдээ дотор нь анхаарах зүйлүүд байна. Аливаа хууль хэрэгждэг л байх хэрэгтэй. Гаднаас хуулбарлаад шахалтаар хийсэн ч юм уу олон хуулиуд хэрэгждэггүй, хэрэгжихдээ гажуудалтай хэрэгжиж байсныг бид 30 жилийн хугацаанд харсан. Үүнээс болоод хуулийн нэр хүнд унаж, төр иргэдийн хоорондох итгэлцэл буурсан. Тэгэхээр эл хуулийг гаргахдаа өөрийн орны онцлогийг харгалзаж, хэрэгжих боломжтойгоор гаргах ёстой.
НҮБ-ын конвецид 2005 онд эллсэн. Энэ хуулийн үзэл баримтлал дотор “конвецийн 33-дугаар зүйлд оролцогч улс бүр энэ конвецийн дагуу заасан гэмт хэргийн талаарх аливаа баримт, нотолгоог сайн санааны үүднээс үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээллэж байгаа аливаа этгээдийг шударга бус хандлагаас хамгаална” гэсэн байна. Гол агуулга нь энэ. Энэ хүрээндээ л ярих нь чухал. Үүнтэй холбогдуулаад нийгмийг хамарсан буруу үзэгдэл бий болох вий дээ гэж санаа зовж байна.
Урамшуулалтай буюу мөнгөтэй холбоотой хэсгийг хасах хэрэгтэй юм. Хууль санаачлагчид бусад орнуудын жишээг их ярьж байна. Тэр орнуудын нийгмийн сэтгэлгээ зэрэг бусад асуудал нь өөр. Нийтлэг үнэт зүйлээрээ ардчилсан орнуудтай ойрхон явж байгаа болохоор алхам алхмаар тэр орнуудын жишиг рүү дөхөх байх. Гэхдээ өнөөдрийн байдлаар ингэж орж ирвэл дэмий юм болов уу.
5.1.4-ийн заалт байна. Үүнийг ойлгосонгүй. Шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална гээд хүртээмжтэй байнгын сүлжээг бий болгоно гэж заажээ. Энэ юу гэсэн үг вэ? Мэдээлэгчдийн системийг хуулиар бий болгоно гэсэн үг үү?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.