Иргэдийн санал хүсэлтийн дагуу Галшар сумын багт Юнителийн станц баригдаж, 4G сүлжээнд холбогдлоо
Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал баг үүрэн холбооны оператор Юнителийн 4G сүлжээнд холбогдлоо. Баянбадрал баг гэлгүй хөдөөгийн 3 багийн нутгийн зааг Их Артад сүлжээ тавигдсанаараа онцлогтой.
Ингэснээр иргэдийн санал хүсэлт 8 сарын дараа биеллээ оллоо. Тодруулбал, "Эргэх холбоо-52" хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 18 дугаар тойргийн гишүүдээ төлөөлөн энэ оны хоёрдугаар сарын 16-нд Баянбадрал, Сангийн Далай, Жаргалант, сумын төвийн Буянтбулаг багт ажиллаж, нийтдээ 268 иргэнтэй уулзаж, тэдний саналыг сонссон.
Үүнээс Баянбадрал баг, Их Артад зайлшгүй сүлжээ тавих шаардлагатайг багийн иргэд, тухайн үеийн сумын Засаг дарга Ө.Сарантуяа уламжилсныг үүрэн холбооны сүлжээнд холбохоо амласан юм.
Улмаар энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбаттай уулзалт хийж, Баянбадрал багт Юнител групп өөрийн хөрөнгө оруулалтаар сүлжээ холбохоор болж, тавдугаар сараас судалгааны ажлаа эхлүүлж өнөөдөр гурван багийн дийлэнх айл өрхүүд сүлжээнд холбогдоод байгаа юм.
Өнгөрсөн хоёрдугаар сарын уулзалтын үеэр сумын Засаг дарга асан Ө.Сарантуяа өвөл шуурганд багийн иргэн сүлжээгүйн улмаас утсаа тас атгаад осолдсон харамсалтай мэдээ дуулгаж байв.
"Эргэх холбоо-52" иргэдээ сонсох уулзалтын хүрээнд хүсэлт ирүүлсэн Дадал сумын Агац, Биндэр сумын Дэлгэрхаан багийг Засгийн газрын дэргэдэх Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр мөн энэ намар үүрэн холбооны сүлжээнд холбож байна.
Түүнчлэн УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүд хэлэлцэж ирэх жилүүдэд үлдсэн 30 шахам багаа шат дараатайгаар үүрэн холбооны сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлэхээр болж, ийнхүү эхлэл нь тавигдаад байна.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.19