Нүдний болрын цайлттай, хальсны эмгэгтэй зэрэг асуудалтай 80 хүнд хагалгаа хийнэ
2022.10.04

Нүдний болрын цайлттай, хальсны эмгэгтэй зэрэг асуудалтай 80 хүнд хагалгаа хийнэ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат иргэдийн эрүүл мэнд рүү чиглэсэн олон ажлыг санаачлан хийсээр ирсэн. 

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Эмнэлэгт Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ болон Канад улсын "Laurel Surgical Foundation" олон улсын байгууллагатай хамтран нүдний үнэ төлбөргүй хагалгаа хийж байгаа юм.

Олон улсын байгууллагын хамтарсан багийн урьдчилсан үзлэгээр оношлогдсон нүдний болрын цайлттай 70, далавч хальсны эмгэгтэй 10, сормуусны буруу ургалт засах 1 нийт 80 гаруй иргэнд хагалгаа хийхээр төлөвлөсөн байна.

Эхний ээлжид 19 иргэнд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ.
Эмч нар, төслийн багийнхан аль болох олон иргэдийг хамруулах зорилгоор 2 зэрэг хагалгаа хийж, шахуу хуваариар, ачаалал ихтэй ажиллаж байгаа аж.

Иргэдийн эрүүл мэндийн төлөө чин сэтгэл гаргаж буй уг төслийн багийнханд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат талархал илэрхийллээ.

Түүнчлэн тэрээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Дарга Ц.Эрдэнэчимэг, Мандал сумын Нэгдсэн Эмнэлгийн дарга Ё. Буяндэлгэр нартай уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн салбар, тэр дундаа эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн системээс үүдэлтэй тулгамдаж буй бодит асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, шийдвэрлэх боломжийн талаар ярилцсан юм. Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэдгээ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат илэрхийлэв.