Гамшгийн эрсдлийг бууруулах Ази, номхон далайн сайд нарын бага хурал болж байна
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Австралийн Холбооны Улстай хамтран тус улсын Брисбэн хотноо 2022 оны 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн сайд нарын бага хурлыг зохион байгуулж байна.
Энэхүү бага хуралд Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй Онцгой байдлын байгууллага, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурдын дарга Ж.Батбаясгалан болон Орхон аймгийн удирдлага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага зэргээс төлөөлөгчид оролцож байгаа юм.
Тус бага хурал нь гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн бүс нутгийн платформ бөгөөд Хямралаас гамшгийг даван туулах чадавх руу сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод бүс нутгийн 50 гаруй улс, 100 орчим олон улсын байгууллагын 3000 гаруй зочид төлөөлөгчид амжилттай зохион байгуулсан юм.
Тус хурлаар Монгол Улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны ололт амжилт, хүндрэл бэрхшээл, шийдэх арга замын талаар хэлэлцэж Улаанбаатарын тунхаг болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх Ази, номхон далайн төлөвлөгөө 2018-2020 баримт бичгийг гаргаж байсан билээ.