Хэнтий аймаг тоосго үйлдвэрлэхэд бэлэн болжээ
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн тоосгоны үйлдвэрт ажиллалаа.
Тэрээр нэг жилийн өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, орон нутагтаа тоосго үйлдвэрлэх шийдвэр гаргаж байсан юм.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж тус үйлдвэрийг шинэчлэхэд зориулж 400 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр өдөрт 5000-6000 ширхэг тоосго, сард 150 мянган тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ.
Харин шатаах зуух нь 1969 онд Болгар улсын дэмжлэгээр баригдсан тойрог хэлбэрийн зуух. 14 хоногт нийт 123 мянган тоосго, сард 240-250 мянган тоосго шатаах хүчин чадалтай гэв.
Хуучин тоосгоны үйлдвэр нь 2015 онд зах зээлийн эрэлт буурч, мөн 45 км-ээс түүхий эдээ татдаг, тоног төхөөрөмжийн элэгдлээс шалтгаалан хаалгаа барьжээ.
Хэрвээ тоосгоны түүхий эд болох шаврыг Баянхутаг сумаас биш, Нисэхийн баруун талд байрлах “Гүн нуур”-ын шаврын ордоос татвал эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой.
Тиймээс Хэрлэн сумын ИТХ хуралдаж, "Гүн нуур"-ын орд орчмын газрыг тоосгоны үйлдвэрийн хэрэгцээнд шийдвэрлэж өгвөл Хэнтий аймагт хямд үнэтэй, чанартай тоосго үйлдвэрлэх боломжтой гэв.
Хэнтий аймаг цэвэрлэх байгууламжтай болж, газар доорх төв коллектор, шугамын шинэчлэлүүдийг үе шаттай хийсэн, орон нутаг өөрийн хөрөнгөөрөө Орон сууц барьж эхэлсэн, Чингис хотын гэр хорооллыг инженерийн шугамд холбох болсон, зах зээлийн эрэлт харьцангуй сайжирсан ч орон сууцны барилгын бүтцээс шалтгаалж үнэ өссөн зэрэг олон хүчин зүйлээс болж тус үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлага үүсжээ.