“Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн удирдах хороо хуралдлаа
2022.07.06

“Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн удирдах хороо хуралдлаа

“Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Удирдах хорооны гуравдугаар хурал боллоо. 

Төслийн удирдах хорооны дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хурлыг удирдлаа. Хурлаар төслийн 2022 оны эхний хагас жилд төлөвлөсөн үйл ажиллагааны гүйцэтгэл, төслийн олон улсын зөвлөхийн боловсруулсан “Тэгш хамран сургах боловсрол Монгол Улсад: Бодлого, хууль эрх зүйн шинжилгээ”, бодлогын шинжилгээний хүрээнд өгөх зөвлөмжтэй танилцлаа.

Энэхүү зөвлөмжид: 

Тэгш хамран сургах боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд боловсролоос гадна бусад салбарын гүйцэтгэх үүрэг

Тусгай сургуулиудад нэмэлт санхүүжилт олгохын оронд аливаа сургуулийн тухайн үеийн нөөц боломж, хэрэгцээ шаардлага дээр нь үндэслэн санхүүжилт олгодог холимог-санхүүжилтийн томьёог ашиглан бүх сургууль зохистой нөөцтэй байх явдлыг баталгаажуулах

Тусгай боловсролын мэргэшсэн мэргэжилтэн болон нарийн мэргэжлийн арга зүйн дэмжлэг хэрэгтэй тохиолдолд дэмжлэгийн үйлчилгээг боломжит сургууль, багшид сургууль дундын үйлчилгээ байдлаар хүргэх

Суралцагчдын сурах ялгаатай хэв маягууд болон үйлдлийн чадваруудыг тодорхойлж, сурах урмыг нь идэвхжүүлдэг ялгаатай аргуудад нийцүүлэн суралцахыг нь дэмжих

Багш болохоор бэлтгэгдэж буй оюутан, тусгай чиглэлээр мэргэшсэн багш болон бусад багш нарыг тэгш хамран сургадаг багшийн тодорхойлолтын дагуу сургаж бэлтгэхэд анхаарах

Хүүхэд бүр анхлан төрөлх хэл дээрээ суралцах үйл явцтай танилцдаг. Иймд монгол хэл сурах үйл явц руу үе шаттайгаар шилждэг байх суралцахуйд ээлтэй орчин бүрдүүлэх

Монгол хэлээс гадна казах, тува, дохионы хэлний цаашдын хөгжлийг нь дэмжсэн хос хэлний зохистой тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндсөн байдаг.