Эрүүдэн шүүх хэрэгслийн худалдааг эрс хориглох шинэ санаачилгыг Эмнести Интернэшнл талархан хүлээн авлаа
Ичгүүр сонжуураа алдсан эрүүдэн шүүх хэрэгслийн худалдааг таслан зогсоох чухал алхмыг эхлүүллээ хэмээн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2021 онд байгуулсан Засгийн газрын шинжээчдийн багийн тусгай хэрэгслийн худалдааг хянах зохицуулалт бий болгох зөвлөмж бүхий тайлан гарсантай холбогдуулан Эмнести Интернэшнл өгүүллээ.
Өнөөдөр дэлхий дахинд эрүүдэн шүүх, хэрцгий харьцах, цаазаар авах ялыг гүйцэтгэхэд хэрэглэж байгаа хууль сахиулах тусгай хэрэгслийн худалдааг хүний эрхийн үүднээс хянах зохицуулалт алга байна. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн эрүүдэн шүүх тусгай хэрэгслийн худалдааг хориглох асуудлаар улс орнуудад хуулиар үүрэг хүлээлгэх санаачилгыг Омега Судалгааны Сан, Харвардын Хуулийн Сургуулийн Олон Улсын Хүний Эрхийн Клиник(ОУХЭК)-ийн хамтаар Эмнести Интернэшнл нь талархан хүлээн авсан.
“Олон жилийн өмнө эрүүдэн шүүх, бусад хэрцгий харьцааг олон улсын хуулиар хориглосон ч ийм хүчирхийллийг үйлдэхэд хэрэглэж байгаа тусгай хэрэгслийн худалдааг хянах зохицуулалт өнөөг хүртэл байсангүй. НҮБ-ын энэ санаачилга эрүүдэн шүүх болон бусад хэрцгий харьцааны эсрэг дэлхий дахины хоригийг сулруулж байгаа эрүүдэн шүүх хэрэгслийн худалдаа, бусдын зовлон шаналалаас ашиг хүртэж байгаа компаниудын үйлдлийг таслан зогсооход томоохон алхам боллоо." хэмээн Эмнести Интернэшнл өгүүллээ.
Практик зорилго нь л эрүү шүүлт, бусад хэрцгий харьцааг үүсгэж байгаа хадаастай бороохой, хүндрүүлсэн хөлийн гинж, цахилгаан бүс зэргийг эрс хориглохыг Эмнести Интернэшнл, Омега Судалгааны Сан, Харвардын Хуулийн Сургуулийн Клиниктэй хамтран уриалж байна. Хууль сахиулах ажиллагаанд хэрэглэгддэг хүчирхийллийн хэрэгслийг үйлдвэрлэх, худалдаалахыг хориглосон зөвлөмжийг тус байгууллагууд сайшааж байна. Ийм хориг нь "хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх идэвхтэй арга хэмжээ болно” хэмээн шинжээчдийн баг мэдэгдэв.
Эрүүдэн шүүх, бусад хэрцгий харьцаанд хэрэглэнэ гэх үндэслэл байгаа л бол хууль сахиулах байгууллагын тусгай хэрэгслийн худалдааг хянадаг болох нь нааштай алхам юм. Энэ нь хэдий хууль ёсны зорилготой боловч байнга буруугаар ашигладаг гав, нулимс асгаруулагч хий, резинэн сум, бороохой гэх мэт цагдаагийн стандарт хэрэгсэлд хяналт тавина гэсэн үг юм. Эдгээр тусгай хэрэгсэлд хүний эрхэд суурилсан худалдааны хатуу хяналт бий болгохыг Эмнести Интернэшнл бусад байгууллагуудын хамтаар шаардаж байна.
Тус байгууллагууд нь эрүүдэн шүүх хэрэгслийн худалдааны асуудлаар бүс нутгийн зохицуулалтыг боловсруулахаар Европын Холбоо болон Европын Зөвлөлтэй хамтран ажиллаж, НҮБ дээр өрнөж байгаа хэлэлцүүлэгт зөвлөмж хүргүүлж, эрүүдэн шүүх хэрэгслийн дэлхий даяарх худалдааг зогсоохын тулд хуулиар үүрэг хүлээлгэх гэрээг хэлэлцэх санаачилгадаа тууштай байхыг улс орнуудад уриаллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn