Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч байна
Өнөөдөр хуульчдын өдөр тохиож байна.
Монголын хуульчдын холбоо энэ өдрийг тохиолдуулан жил бүр иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Өдөрлөгөөр иргэд хуульчдын холбооны үйл ажиллагаатай танилцаж, иргэн, эрүү, захиргаа зэрэг бүх төрлийн эрх зүйн зөвлөгөө авах боломж бүрддэг юм.
Энэ жилийн хувьд тус өдөрлөгт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран оролцож байна. Хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч нараас бүрдсэн МҮЭХ-ны “Red Diamonds” баг өмгөөллийн үйлчилгээг нийслэл болон 21 аймагт үзүүлдэг. Тэдний зүгээс үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд өргөдөл, гомдол, нэхэмжлэл боловсруулах, үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа өгч байна.
МҮЭХ-ны Хүний эрх, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг: Манай холбоо Хуульчдын холбоотой хамтран ажилладаг. Энэ хүрээнд хууль өмгөөлөгчдийн багтайгаа хамтран Үйлдвэрчний эвлэлдэн нэгдэх эрх, хөдөлмөрийн хууль тогтоомж, нийгмийн даатгалын тэтгэмж, нийгмийн даатгалын халамжийн асуудлаар иргэддээ зөвлөгөө өгч байна.
Монголын хуульчдын холбооны төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх хорооны тэргүүн С.Баянмөнх: Энэ өдөрлөгөөр иргэд бүх төрлийн хууль эрх зүйн зөвлөгөө авах боломжтой. Иргэд ихэвчлэн гэр бүлийн маргаан, газрын маргаанаар зөвлөгөө авдаг. Хуульчдын холбооноос төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэн ажилладаг” гэлээ.