2022.06.10
Т.Энхтүвшин: Компанийн "ТУЗ" заавал 9 гишүүнтэй байх шаардлага юу вэ
УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Алдагдалтай ажилладаг, санхүүгийн эрсдэлтэй хуулийн этгээдийг нэгтгэх, худалдан авах татан буулгах замаар эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах гэсэн чиглэлээр компанийн тухай хууль орж ирж байгаа гэж бодож байна. Энэ хуулийг дэмжиж байгаа. Төрд 100 хувь эзэмшүүлэх стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудаа тодорхойлж чадсан уу. Мөн нэгтгэх компаниудаа тодорхойлсон уу? Адилхан чиг үүрэгтэй олон компани байна. Тухайлбал Монголын төмөр зам, Таван толгой төмөр зам, Зүүн баян төмөр зам зэрэг компани. Бүгдээрээ төлөөлөн удирдах зөвлөлтэй. Ийм компаниудаа нэгтгэх ажлаа хэзээ зохион байгуулах вэ?
Хуулийн 10.7-д төрийн болон орон нутгийн өмчит компанийг хугацаатай байгуулна гэсэн байна. Энэ хугацаатай байгуулна гэдгийг тайлбарлаж өгөөч. Энд “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэт үйлдвэр” орох юм уу. Төлөөлөн удирдах зөвлөлийн ажилчдын цалин хөлс, урамшууллыг нээлттэй болгох зүйл энэ хуулинд алга. Цалин урамшуулалтайхолбоотой асуудлыг эргэн харж, хуулиндаа оруулж ирж өгөөч. Компани болчихвол төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байна гэжээ. Хуучин хуулиар 3-9 гэж байсан. Аймаг орон нутгийн компаниуд голдуу 3-5 ТУЗ-ийн гишүүнтэй байсан бол одоо автоматаар 9 болох юм байна. Үүний цалин хөлс, нэмэгдэл урамшуулал гээд давшгүй зардлууд гарна. Заавал 9 гишүүн байна гэж тодорхойлж оруулах шаардлага байгаа юу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.