Оюутолгойг хэн яаруулаад байна вэ?
2009.10.23

Оюутолгойг хэн яаруулаад байна вэ?

“Өдрийн сонин”гэх нэг шанаган тавын шавхруу сонинд "эркэтчин иргэний хөдөлгөөнүүд гар хөл болсон, хятадаас мөнгө авсан, энхбаяраас бас авсан” тухай нэг сонин марзан, хар юм явав.
Өнгөрсөн жилүүдийн Монголын улс төрийн бохир орчин манай хүмүүсийг ямар бохир юм сэтгэдэг болгоход сургав аа? Ямар ч шүүлтүүргүй үнэн үгийг сонсох, сонсгох гэж бид чөлөөт микрофон ажиллуулсан, ард түмний үгийг сонссон. / 2009 оны 7-р сарын 7-8-нд Сүхбаатарын талбайд болсон Чөлөөт индэрийн ажиллагаа / Тэнд “ард түмний 80%” нь Оюутолгойг батлахгүй бол “амиа хорлох” гээд байгаа шинж огт харагдаагүй, харин ард түмэн маань авилгачид ахиад хулхидах вий гэж санаа зовсон хэвээр, ардчилсан ерөнхийлөгчийг авилгалын эсрэг ариун дайнаа хэзээ эхлэхийг л тэсэн ядан хүлээж байгаа нь харагдсан. Монголын ард түмэн шудрага ёс, үндэсний эрх ашгаа дээдэлдэг төр засгийг шаарддаг болохоос өнөө маргаашгүй сонгуулийн амлалттай чинь ярина гээд хоол нэхээд байгаа юм биш байх.

Өлсөж цангаж байгаа хүн олон байгаа бол хоолыг нь булаасан улс буцааж өгвөл яасан юм бэ? Чөлөөт индэр дээр олон хүн үг хэлсэн, харин ТВ9 биднээс ярилцлага авсан, нэвтрүүлэг хийсэн, талбай дээр Тангадын Галсан ах тааваараа ярьж, Их монгол-800-ийн Балжинням багш эрлийз хурлийзаас болгоомжил гэсэн нь тухайн субьектуудын тус тусын хэрэг. Баабар Баатархуяг хоёроос айгаад Чөлөөт индэрээ хаалтай биш.

Эрх баригчдын таалалд нийцүүлэх гэж тал талын хөлсний хэдэн бичээч ядарсан монголыг өөрөө сэтгэн бодож, оюун дүгнэлт хийх эрхгүй болтол нүддэг болж. “Чи муу өлөн бөөс юм бодоод яадгийм? чиний оронд дарга элитүүд мэргэн санааг бодоод олчихсон, юун газар шороо, эх орны хишгээ аваад дуугай сууж бай, харин хүүхэд олон гарга, хувьцаа чинь нэмэгдэнэ” гэнэ. Зарим нэг нь “бүгдээрээ геологич болчихлоо” гээд загнаж байдаг гэсэн. Хэдэн жилийн өмнө төрийн өмчийг “эдийн засгийн эргэлтэнд оруулж” хувааж авч дуусаад, T.Очирхүү гэх нялуун дуутай нөхрөөр “газраа эдийн засгийн эргэлтэнд оруулийлдаа, тэгвэл манай улс хачин гоё хөгжийшдээ” гэж донгодуулсаар байгаад газар хувьчилах хууль гаргасан боловч өнөөдөр Очирпүү нар гоё болсон байх, харин ардуудын 80 хувь нь ядуу хэвээрээ байна. Идэж ууж аваад, улс төр, эдийн засгийн бодлого нь дампуурахаар бас дахиад нэг “Эльдорадо” бодож олдог болж.

Одоо бас нөгөө Очирпүүтнүүд “Оюутолгойг гялалзуулъя!, эдийн засгийн эргэлтэнд оруулийлдаа! манай монгол ёстой гоё хөгжийшдээ, юун кувейт, юун эмират!” гээд ямар гоё юм ярьж байнаа? Энэндээ бүр итгэчихсэн. Аргагүй юм. Ард түмэнд хагас экселийн мөнгө, харин өөрт нь хаммер жипний мөнгө олдоно гэдгийг манай топменежерүүд мэдэлгүй дээ! Гэтэл Монголын эдийн засаг Оюутолгойг шингээх эдийн засаг мөн үү? Нефть, хүнсний болон бусад импортоос 80-100 хувь хараат, эрчим хүчний үнийн хатуу хяналттай хуурамч эдийн засаг, улс төрийн намуудаар дамжсан авилгалын тор хэвээрээ байхад Оюутолгой, бусад эрдэнэс маань эрх баригчид, тэдний хамсаатан хэдхэн хүн квот, контрактаар дамжуулж Эрдэнэт, Тавантолгойг идэж суудаг жишиг рүү л явна. Олсон хэдийг нь залгидаг Ху нам гэж мангастай, оймсоо ч хийж чаддагүй эдийн засагтай байхад арван Оюутолгой байгаад ч хэрэг алга.

Эрдэнэсмонголын толгой дээр өөрийн толгойгүй Энэбиш гээд нэг с.дек тавьчихсан гэж байгаа. Ямар ч гоё нэр өгсөн уурхайгаас орж ирэх хэдэн ногоон буцаад Эрээнрүү оймсны мөнгөнд урсана. Үлдсэн хэдэн цаас нь архи мах гурил, авилга хахууль, бензин,түлш, эрхийн тэнэг хэдэн хүүхдийн гар утасны нэгжинд яваад гүйцээ. Дахиад 10 жил өнгөрөхөд “ за энэ арай болсонгүй, ядуус та нартай ямар орон гэрээ хуваалтай биш, одоо Оростой нийлж уранаа ухъя, “эдийн засгийн эргэлт”-нд оруулцгаая! Юу ч гэсэн дэнж хотойтлоо наадъя! одоо л нэг жаргах цаг ирлээ” гэнэ.

Оюутолгойг хэн яаруулаад байна? Мөхлөө хүлээж байгаа Ху намд хорвоогийн нэг ч гэсэн өдөр үнэтэй, угаасаа “намайг л тэтгэвэрт гарахаас өмнө нам засаг хамт байж байвал аль болох ахиухан хулууж аваад насны эцэст тав тух алдахгүй, нам нийлж, сэм суух минь” гэсэн хулгайчдын баг л байсан. Ямар сайндаа 90 –ээд онд Ху намын хунхуузуудын дунд “тавлаг уу?”гэсэн мэндчилгээ моодонд орсон ба хариуд нь коммунист хунхууз маягаар янцаглаж байгаад “тавлаг” гэдэг. Ху намын тав тухыг хангахад Оюутолгой хэрэгтэй. Хамаг түүх, туг сүлд, байр сав нь монгол хүний цусаар будагдсан энэ хар хүчний хувьд ээлжит сонгуулиар хуурч мэхлээд гарч ирэхэд нь Оюутолгой хэрэгтэй. Улс төрийн карьерыг төрийн өмчтэй андуурах паталоги маягийн зуршилтай болсон ийм нам яаж энэ том төслийг удирдах юм бэ?

Харин ирж яваа цагийн өнгийг тодорхойлох ёстой улс төрийн хүчин юу болов? Бидний залуу насаа зориулсан Ардчилсан нам, Ардчилсан холбоо өнөөдөр яам тамга, аймаг дүүргийн алба хэлтэст хэдэн сар ч хамаагүй ажиллах томилгоо хүлээж, насаа элээж байгаа хөгшин залуу хэдэн бэртэгчдийн цуглуулга, хагас дутуу боловсролтой есөн шидийн юмны хогийн сав болж хувирсан. Аймаг дүүрэг бүрт нэг юм уу нэг хэсэг хүн намын хороогоо худалдаж авчихаад, өндөг шиг дараад суучихна. Намын хороогоо хэдэн удаа худалдаж авснаар нь ҮЗХ-гийн үзүүлэлт болгодог нь бүр ичиж үхмээр. ҮүЗэХэчдээс морь нохой шиг үнэнч байх ам өчиг аваад хэдэн боссууд нь хайрцагласан байдаг гэсэн. Тэгээд тэр “шүдэнзний хайрцагт” нь орохгүй бол ҮЗХ гэдэгт нь орох боломжгүй. Наад захын улс төрийн ёс зүй, боловсролгүй, үзэг цаас нийлүүлж үзээгүй, хүний өмнө гараад таван үг хэлж чаддагүй жип унасан намын дарга нар нь сонгуулиар сонин тараахаас өөр эрдэмгүй болтол нь гишүүдээ дарамтлаад сууж байдаг юм. Үзэл бодолдоо үнэнч цэргүүд нь хэзээ ч салж явахгүй учир дарга нар нь дээрэлхүү гэж жигтэйхэн. Зусар бялдуучлалаар дүүрсэн элдэв баяр цэнгэл хийж өдөр хоног өнгөрөөнө. Уулзаад суугаад ярихаараа улирлын ээлжит “артаац” л ярьдаг юм тэд, хөөрхий. Хүсэл зорилго нь “хүзүүвч”-нээс нь дээшгүй тэдэнд Оюутолгой бол бараг падгүй. Гэхдээ сонгуулийн амлалт гэж нэг юм бий. Зөвхөн тэр өнцгөөс Оюутолгой тэдэнд хэрэгтэй. Өөрт ярих юм байхгүй юм чинь сонгуулийн амлалтаа ярьж байгаад гарна даа би гэж хөөрхий тэд боддогийм. Ардчилсан нам коммунизмын хорт хавдартай Ху намд ардчилсан засаглалын амь тариа хийдэг янхан сувилагчийн ажил, хөнжлийн амьдралдаа бүүр дасчихсан, хүн ардын сэтгэл санааг зовоосон олон олон асуудал өөрсдөд нь хамаагүй юм шиг, энхийг сахиулагчийн дүр эсгэж байгаад сонгуулиар сандал суудал авч, иргэдийнхээ тэмцэл хөдөлгөөний үр шимийг завшиж суудаг шимэгч хорхойн шинжийг олоод байна. 7-р сарын 1–нд долоон уулын цаана нуугдаж байгаад гарч ирсэн амьтад сайд дарга болох гээд давхилдахад нь үнэхээр ой гутсан даа. Хөнжилд орсон хойноо наад хөдөлгөөнүүд чинь манай л хүмүүс байгаа юм гэж хошгируулна.. Үлдсэн жижиг намууд нь энэ хөнжилд шургахыг бас тэсэн ядан хүлээнэ. Харин хоолоо харамласан А намын дарга нар Монголд олон нам хэрэггүй, ер нь хоёр байхад л их зүгээр гэсэн бараг онолын дүгнэлт хийгээд Ху-гийн хөнжилд шургадаг болж. Ийм хоёр нам яарч байхад Оюутолгойг ард түмэнд хэрэгтэй юм болгох нь юу л бол?

Коммунист номенклатураас ард түмнээ салгаж өгөх түүхэн үүргээ биелүүлж амжилгүй, бараг үүссэн цагаасаа эхлэн тарж бутарсаар, энэ МАХНы машины эрэг шураг нь болж хувирсан Монголын ардчилсан хөдөлгөөний 20 жилийн гашуун түүх хойч үед сургамж болтугай. Харин Ху намын хулгайч нартай хармаа нэгтэнгүүд, харь элэгтнүүд, тэдний хамаатнуудаас үндэсний ардчилсан намаа салгаж авах, Хулгайч намтай хатуу хариуцлага тооцох их ажил хийх эзнээ, Монгол үндэстний шинэ үе гарч ирэхийг хүлээж байна. Ардчилсан намыг авч явах шинэ үеийн үндэсний ардчилсан үзэлтнүүд дөрвөн жилээр амьдарч, 40 мянгатаас цааш сэтгэдэггүй номенклатурын хүүхдүүдээс арай өөр бодлоготой байх нь дамжиггүй. Тэд маань Монгол хүн, Монгол эх орноо зүрхнээсээ хайрладаг, шинэ зууны үндэсний зорилтуудаа олж харсан, Монгол туургатны язгуур эрх ашгийг эрхэмлэгчид байж чадна гэж найдаж байна.
Тэр шинэ үед нь Оюутолгойг үлдээвэл яасан юм бэ?

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.