2022.05.24

"Сонгуулийн тогтолцооны давуу болон сул талууд" хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Конрад Аденауэр сангаас зохион байгуулсан "Ардчиллын VI чуулган: Сонгуулийн тогтолцооны давуу болон сул талууд" хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

Тэрээр УИХ-ын сонгуулийг холимог, эсхүл сонгуулийн хувь тэнцүүлсэн /пропорциональ/ тогтолцоогоор явуулах асуудлыг Үндсэн хуулиар зохицуулах нь зүйтэй гэдэг дээр байр суурьтай байгаа. Учир нь иргэд, улс төрийн намуудын санал, зөвшилцөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрвэл сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр гол өөрчлөлтүүд орох ёстой. Тухайлбал, өнөөгийн парламентын төлөөлөх чадвар хангалтгүй байдаг гэж үздэг. Аливаа парламентын хууль тогтоохоос гадна нэг чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал. Төлөөллийг хангана гэдэг нь парламент хүн амаа ч төлөөлнө, газар нутгаа ч төлөөлж байх ёстой гэсэн үг. Ер нь бол сонгодог утгаараа парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юм. Үүний дагуу дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчилнэ. Тэгш байдлын зарчим гэдэг нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэн парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм.

Мөн сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байна. Нөгөө талаас сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой. Гэтэл өнөөдөр нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн дунджаар 99,377 сонгогч, харин орон нутгаас сонгогдсон гишүүн 55,313 сонгогчийг төлөөлж байгаа нь ихээхэн зөрүүтэй төлөөлөл. Ийм зөрүүтэй байдалд хүргэж буй гол зүйл бол сонгуулийн мажоритар систем. Улс орнууд парламентад иргэдийн тэгш төлөөллийг хангахын тулд хувь тэнцүүлэх системийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын парламент нь хүн амын төлөөллөө ч, газар нутгийн төлөөллөө ч хангасан байвал хамгийн сайн хувилбар болно.

Иймээс өнөөгийн сонгуулийн тогтолцоо болон УИХ-ын бүтэц, үйл ажиллагаа нь парламентын төлөөлөх чадварыг хэр хангаж байгаа эсэх, улмаар парламентын хууль тогтоох чадавхид хэр нөлөөлж байгаа, сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжит ямар хувилбарууд байх вэ, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн болон бусад органик хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийж болох вэ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг сайтар судлах шаардлагатай.

Мөн Монголын улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг арилгах, сонгогчдын саналд бэлэг сэлт, хөрөнгө мөнгөөр нөлөөлдөг байдлыг арилгахын тулд сонгуулийн хуулийг өөрчлөөд зогсохгүй улс төрийн намын тогтолцоо, намын санхүүжилтыг өөрчлөх шаардлагатай гэдгийг онцлон дурьдлаа.