Ж.Хунан:ХЭҮК-ын гишүүд нэг ч хүний эрхийн зөрчлийг үлдээхгүй анхаарал хандуулан ажиллах бодлогыг барьж байгаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунантай уулзаж ярилцлаа.
-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүн амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, гадаадад байгаа иргэд орон байргүй, идэх хоолгүй болох, эх орондоо ирж чадахгүй байгаа зэргээр эрхийг нь ноцтой зөрчсөн тохиолдол олон гарсан. Энэ бүхний мөрөөр ХЭҮК хэрхэн ажиллаж, ямар арга хэмжээ авсан бэ. Хөл хорионы үед хэчнээн өргөдөл, гомдол ирүүлсэн бол?
- Цар тахлыг дотооддоо алдсанаас хойш олон харамсалтай үйл явдал болсон. Ялангуяа хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор шинжилгээний бичиг байхгүй гэх үндэслэлээр Эмээлтийн пост дээр эрүүл мэндийн үйлчилгээ авч чадалгүй хүний эрдэнэт амь хохирсон, дөнгөж амаржсан эхийг нярайн хамт хүйтэнд тавчиктай тээвэрлэсэн, гадаадад гацсан иргэд нислэг гэнэт цуцлагдсанаас орох оронгүй, хоол хүнсний гачигдалд орох эрсдэл бий болсон гэх мэт мэдээлэл бид бүгдийн анхааралд байсан. ХЭҮК-ын гишүүд нэг ч хүний эрхийн зөрчлийг үлдээхгүй анхаарал хандуулан ажиллах бодлогыг барьж байгаа. Тухай бүр нь холбогдох ажиллагааг явуулж, тодорхой санал, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, УОК-т хүргүүлж, шийдвэрлэх боломжтойг нь шийдвэрлүүлж ажиллаж байна. Жишээ нь: Таны хэлсэнчлэн гадаадад гацсан иргэдийн эх орондоо ирэх эрхтэй холбоотой шаардлагыг УОК-т, Ковидын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор нислэг нь гэнэт цуцлагдан гадаадад гацсан иргэдэд дэмжлэг үзүүлэх тухай саналыг хүргүүлж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зэргийг дурдаж болно. Шинэ гишүүд бүрэн эрхээ 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ хоёр гишүүнийг тусгайлан УОК болон Ковидтой холбоотой асуудлаар дагнан ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гарч болох хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд баримтлах зарчмыг амаар болон бичгээр тухай бүрт сануулж, анхаарлыг нь хандуулж ирсэн байдаг. Ковидыг дотооддоо алдсанаас хойш өнөөдрийн байдлаар хөл хориотой холбоотой, чөлөөтэй зорчих эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, халдашгүй чөлөөтэй байх, орон байраар хангагдах эрх, сурч боловсрох эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хүүхдийн эрх гэх мэт нийт 144 өргөдөл, гомдол Комисст ирсэн. Хүний эрхийн зөрчилтэй холбоотой мэдээллийг хуульд заасан хэлбэрээс гадна байж болох бүх сувгаар хүлээн авч ажиллаж байгаа. 24 цагийн шууд утас 70 000222 дугаараас гадна 21 аймаг дахь ажилтнуудынхаа оффис утсыг ажиллуулж, жиргээ, нүүр номын хуудас зэрэг боломжит бүхий хэлбэрээр иргэдийн өргөдөл, гомдлыг авч байна.
-ХЭҮК-ын тухай хуульд зааснаар бол танай зөвлөмж, шаардлагыг заавал биелүүлэх ёстой. Хэдий хугацаанд, хэчнээн зөвлөмж, шаардлагыг байгууллагуудад ХЭҮК-оос хүргүүлж, тэдгээрийн хэдийг нь биелүүлсэн талаарх тоо бий юү?
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Зөвлөмжийг албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзсэн тохиолдолд, харин шаардлагыг хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд хүргүүлдэг. Байгууллага, албан тушаалтан зөвлөмжийг хүлээн авсанаас хойш 60 хоногийн дотор, шаардлагыг 30 хоногийн дотор биелүүлэх арга хэмжээ авч, хариу мэдэгдэх үүрэгтэй. Комиссын гишүүн тухайн зөрчлийн онцлог, нөхцөл байдлаас хамаарч хугацааг богино эсвэл өөрөөр тогтоож болно. Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлэхээс татгалзаж байсан тохиолдол маш цөөн буюу 1-2 удаа л байсан юм билээ. Шинэ гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 26 хяналт шалгалтыг явуулж 7 зөвлөмж, 14 шаардлага хүргүүлсэн. Үүнээс ковидтой холбоотой 2 зөвлөмж, 4 шаардлагыг хүргүүлээд байна. Эдгээр нь манай цахим хуудаст байршсан байгаа.
-Ахмадуудын асрамжийн газар, эрүүлжүүлэх, саатуулах төвүүдэд хяналт шалгалт хийсэн гэсэн. Үүгээр ямар нэг зөрчил илэрсэн үү?
- Төв аймгийн Батсүмбэр дэх Ахмад настны асрамжийн үндэсний төвд асруулагчдын эрхийн хэрэгжилт, тус төвийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалтыг энэ сарын 5-нд хийсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна. Тус төвийн байр, орчны нөхцөл байдал өмнөхөөсөө илт сайжирсан хэдий ч хүний эрхийн тодорхой зөрчлүүд байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, ахмад настны асрамжийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч тэнд залуу хүн ч үйлчлүүлж байна гэх мэт учир дутагдалтай зүйл байна. Яг одоо манай Ажлын хэсэг бичиг баримтын буюу бусад шалгалтыг хийж байгаа. Дүн хараахан гараагүй байна. Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байруудын нөхцөл байдал, үйлчилгээнд хяналт шалгалт хийсэн. Эдгээр шалгалт нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.10, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалтыг тус тус үндэслэж хийж байгаа. Мөн адил шалгалтын дүн одоогоор гараагүй байна. Бичиг баримтад дүн шинжилгээ хийгдэж байна. Газар дээр нь нөхцөл байдлыг шалгахаас гадна холбогдох баримт бичиг дүн шинжилгээ хийх нь чухал юм. Урьдчилсан байдлаар хугацаа нь дууссан эмийн нөөц, халдвар хамгааллын дэглэмийн зөрчлүүд илэрсэн. Эдгээрийг газар дээр нь шаардлага тавьж арилгуулсан. Эцсийн тайланг холбогдох зөвлөмж, шаардлагын хамт хүргүүлнэ.
-Хүний эрх зөрчигдсөний дараа бус, урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг хийж байна вэ. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр иргэдэд аль болох ойр хүрч ажиллаж байгаа юу?
- Та мэдэх байх. Хүний эрхийн Үндэсний Комисс нь 11 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бид аль болох хүний эрх зөрчигдөхөөс өмнө арга хэмжээ авахыг хичээж ажилладаг. Харамсалтай нь тэгэх боломж хязгаарлагдмал байна. Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга нь хүний эрхийн боловсрол олгох буюу эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг бүх түвшинд нэмэгдүүлэх явдал гэж ойлгож байгаа. ХЭҮК аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг үндэслэн сургалт явуулдаг. Үүнээс гадна постер, видео контент боловсруулж мэдээллийн сувгуудаар түгээж байна. Комиссын шинэ бүрэлдэхүүн хүний эрхийн боловсролын тогтолцоог шинэчлэх тал дээр идэвхтэй ажиллана. Ингэхдээ бага ангиас нь насны онцлогт таарсан байдлаар хичээл оруулах, их дээд сургуульд заавал үздэг хичээл болгох замаар бусдыг эрхийг хүндэлдэг, хүн бүр эрхээ мэддэг болгоход хүчээ дайчлан ажиллана. Ковид-19 цар тахлын хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн ялангуяа хүүхдийн хүчирхийллийн тоо ихэсч далд хэлбэрт орж байгаа гэсэн мэдээллийг аваад олон нийтэд уриалсан зурагт хуудас, цуврал постеруудыг цахим сүлжээнд явуулж байна. Ялангуяа сургуулиуд зайнаас хичээллэж эхэлснээр ахуйн хүрээнд хүүхдийн эрх зөрчигдөх явдал нэмэгдсэнд, гэртээ цоожлогдсон хүүхдүүдийн амь нас хохирч байгаад эмзэглэж байна. 3-хан хоногийн дотор хүүхэд хамгааллын утас, цагдаагийн 102 утсанд 900 гаруй дуудлага хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгаалалтай холбоотой байсан нь харамсалтай. ХЭҮК үүрэн холбооны оператор компаниудад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага үйлчилгээний утсуудыг олон нийтэд сурталчилж өгөхийг уриалсан. Тэд нааштай хариу өгсөн. Жижиг гэлтгүй кэйс тохиолдол бүрт олон нийт соргог ханддаг болсон нь сайн хэрэг. Гэсэн хэдий ч тухайн хэрэг зөрчлөөс сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгож, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтнууд шат шатандаа илүү шуурхай, мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй байна. ХЭҮК тохиолдол бүрийн араас чих тавьж холбогдох газарт нь дуулгаж, ямар арга хэмжээ авсаныг нягталж, санаа тавьж ирсэн.
- 21 аймаг дахь ХЭҮК-ын ажилтнууд яг юу хийдэг юм бол. Иргэдэд үнэхээр хүрч ажиллаж чаддаг уу?
- ХЭҮК маш цомхон бүтэцтэй. Цөөн хүчээр их зүйлийг гүйцэтгэж ирсэн гэж хэлж болно. 2014 оноос аймаг бүрт 1 ажилтантай болсон. Тэд сургалтаа хийнэ, гомдол, мэдээлэл хүлээн авна, хяналт шалгалт хийнэ, хүний эрхийн зөвлөгөө өгнө, дүн шинжилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлнэ. Аймаг орон нутаг бүрийн онцлогоос хамаарч, хүний эрхийн асуудал харилцан адилгүй байдаг. Хүний нөөцийн хувьд цаашид ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, чадавхжуулах зэрэг олон зүйл төлөвлөсөн байгаа. Үйл ажиллагаа, чиг үүргээс хамаараад манай байгууллагын ажилтнуудын ачаалал төрийн алба дотроо хамгийн ачаалалтай хэсэгт тооцогдох байх.
-Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хүний эрх хамгаалагч гэж яг хэн бэ. Жишээ дурдахгүй юү?
- Аль ч газар хүний эрх, эрх чөлөөний төлөө дуугарч, хамгаалдаг хувь хүн, бүлэг хүмүүс байдаг. Бусдын эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх, бүр гэр бүлийн гишүүдэд нь заналхийлэх явдал цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд тэдгээрийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг бий болгох үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Төсөлд хүний эрхийг хамгаалагч гэж гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулж буй, эсхүл түүнд оролцож буй хүнийг хэлнэ гэсэн байгаа. НҮБ-ын зүгээс ч манай улсад хүний эрхийг хамгаалан тэмцэгчдийг хамгаалахыг зөвлөсөн байдаг.
-ХЭҮК-ыг байгуулсны 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд ямар ахиц дэвшил гарсан гэж та үзэх вэ. Цаашид төлөвлөсөн томоохон ажлуудаасаа танилцуулна уу?
- ХЭҮК урт хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байна. Комиссын гишүүд урт хугацаанд дараах чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Эхний ээлжинд хүний эрхийн албан болон албан бус боловсролын тогтолцоог бэхжүүлэх, тэр дундаа хичээлийн агуулга, гарын авлага боловсруулах, технологийн хөгжлийг даган мультимедиа контент хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч байна. Албан боловсролын тогтолцоонд сургуулийн өмнөх, сургууль, их дээд сургуульд хүний эрхийн хичээл заавал оруулдаг болгох талаар судалж, холбогдох байгууллагуудад санал тавин ажиллаж байна.
Мөн ХЭҮК-ын чадавхыг бэхжүүлэх, тусдаа байртай болох асуудлыг шийдвэрлэх зорилтыг тавин ажиллаж байна. Хуулиараа өөрийн байртай байна гэж заасан ба иргэдэд сургалт явуулдаг, зөвлөгөө өгдөг, иргэдэд хүртээмжтэй, нээлттэй бүтцийг бий болгох шаардлагатай байна.
Хүний эрхийн гэрээ, конвенцын хэрэгжилтийн талаар үндэсний илтгэлийг боловсруулах, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үндэсний механизмыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулах асуудлыг судалж байна. Үндэсний байгууллагуудын Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэх явдал хангалтгүй байна. Нэг талаас нэр томьёоны орчуулгын асуудал байна, нөгөө талаас үндсэн гэрээ, конвенцыг даган гарсан тайлбар, зөвлөмжүүдийн албан ёсны орчуулга хийгдээгүйгээс агуулгын бүрэн гүйцэд ойлгон хэрэглэх боломж хязгаарлагдаж байна. Тиймээс эдгээрийг цогцоор нь шийдвэрлэх зүйтэй.
Түүнчлэн, 2003 онд батлагдсан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа 2050 хөтөлбөрт нийцүүлэн шинэчлэн батлах хэрэгцээ шаардлага байна.
Мөн бид анхны ардчилсан Үндсэн хууль батлагдан гарснаас хойшхи УИХ-аас баталсан хууль тогтоомжид хүний эрхийн өнцгөөс үе шаттай дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байна. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарт хүний эрхийн мониторинг хийхээс гадна Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ээлжит 20 дугаар илтгэлийг “Ковид-19 ба Хүний эрх” сэдвээр боловсруулж УИХ-д өргөн барина.
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд танайх санал хүргүүлсэн үү?
- Тэгсэн. 1992 оноос хойш шинэчлэгдээгүй Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, санаачилгыг ХЭҮК дэмжиж ирсэн. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, МҮЭ-ийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой саналуудыг хүргүүлсэн байдаг. Үр дүн гарна гэж харж байгаа.
-Хөл хорионы үед аж ахуйн нэгж, байгууллагуудаар үйлчлүүлэхдээ иргэд QR код уншуулж байгаа. Энэ нь хүний эрхийн зөрчил мөн үү. Зарим байгууллага иргэдийн регистрийн дугаарыг хүртэл бичүүлж авч байна.
- Энэ асуудлаар ХЭҮК-ын гишүүний шаардлагыг УОК-т өнгөрсөн сард хүргүүлсэн. Энэ асуудал 2 талтай. Коронавируст халдвараас Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний үүрэг юм. Энэ үүргийг хэрэгжүүлэхдээ хүний зарим эрх, эрх чөлөөг хууль гаргаж, хязгаарлаж болно. Гэхдээ ийм хязгаарлалт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгыг биелүүлэхэд зохистой хэр хэмжээтэй, хүний эрх, эрх чөлөөнд хамгийн бага хязгаарлалт тогтоосон байвал зохино. E-barimt системд суурилсан хөдөлгөөний бүртгэлийг журмаар зохицуулахгүйгээр ашиглаж эхэлсэн нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдлийг үүсгэсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 29-нд ХЭҮК-ын гишүүний шаардлагыг Улсын Онцгой Комисст хүргүүлсэн. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.18 дугаар хэсэгт заасан журмыг нэн даруй батлах, E-barimt системд суурилсан бүртгэлийг хангалтгүй хөтөлсөн шалтгаанаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, шийтгэл оногдуулахгүй байхыг ХЭҮК шаардсан.
-Хувь хүний нууцын, Өгөгдөл хамгаалах, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдэд танайх хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
- Хүний эрхийн үндэсний комиссоос эдгээр хуулиудад анхаарал хандуулж байгаа. Хувь хүний нууцын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Комиссын гишүүн орж ажиллаж байгаа. Хувь хүний нууц, өгөгдөл, мэдээлэл нь халдашгүй, хуулиар хамгаалагдсан,