Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ХЭҮК-ын гишүүдийг хүлээн авч уулзлаа
2021.02.22

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ХЭҮК-ын гишүүдийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг хүлээн авч уулзан, хүний эрхийн зарим асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд салбарын сайд Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийн төслийг боловсруулж, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтээс санал авч байгааг танилцуулаад ХЭҮК-ыг уг хууль тогтоомжийн төслүүлдэд саналаа өгч, хэлэлцүүлэгт оролцох, төрийн бодлого, хууль тогтоомж болон хууль сахиулах байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхийн хэрэгжилтийг үндсэн шалгуур үзүүлэлт болгохыг чухалчлан төлөвлөж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталснаар хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг өргөжиж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох нөхцөл бүрдсэн тул Комиссын чадавхийг бэхжүүлэх асуудлаар урт хугацаанд анхаарч, ажиллахаар төлөвлөж буйг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан онцлов.

Уулзалтаар талууд Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх, УИХ-аас баталсан хууль тогтоомжид хүний эрхийн үүднээс мониторинг хийх, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцыг тайлагнах механизмыг боловсронгуй болгох, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Дотоод хэргийн их сургуулийн ажилтан, алба хаагчдад “Хүний эрхэд суурилсан хууль сахиулах үйл ажиллагаа” чиглэлээр сургалт, сурталчилгааг зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар болов.

Мөн хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, мөрдөн мөшгих зэрэг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтрахаас гадна хувийн нууцыг хамгаалах, хил хамгаалах байгууллагад алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдад зориулсан сургалт, сурталчилгааг хамтран зохион байгуулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын орчин нөхцлийг бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэж, үр дүн, нөлөөллийг сайжруулах талаар санал нэгдсэн юм.

ХЭҮК нь 2021 оны эхний улиралд УИХ-д өргөн барих “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-дээ Ковид-19 цар тахлын үе дэх хүний эрхийн асуудлыг хөндөж, тодорхой саналуудыг хүргүүлэхээр боловсруулж байгаа бөгөөд энэ жил эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хүний эрхийн хяналт шалгалтыг хийхээр төлөвлөсөн байна.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, гишүүн Х.Мөнхзул, гишүүн Г. Нарантуяа, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл нар оролцлоо.